Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн Лхагва гараг (2024.05.22)-т “4 STAR AIRPORT” батламж гэрчилгээ залах ёслолын арга хэмжээ болов.

Тус нисэх буудлын удирдлагууд өнгөрсөн сард ХБНГУ-ын Франкфурт хотод болсон “Skytrax world airport awards” ёслолын үеэр “4 STAR AIRPORT” батламж гэрчилгээгээ гардан авсан билээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хамт олон Монголын иргэний нисэхийн түүхэнд буюу 2024 онд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртсэн байна.

Тус нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми “Дэлхийн агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” байгууллага ”Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг “4 од” зэрэглэлээр үнэлсэн нь нисэх буудлын орчин нөхцөл, тав тух, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн өндөр зэрэглэлтэй нисэх буудлуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрснийг олон улс хүлээн зөвшөөрсний илрэл” гэж хэлэв.

Мөн тэрбээр Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2023 онд 1,7 сая гаруй зорчигч хүлээн авч, нисэх буудлын түүхэнд хамгийн олон зорчигч хүлээн авсан амжилттай үдсэн. Үүгээр бидний үйл ажиллагаа уялдаатай, нэгдсэн ойлголтод хүрснийг харуулж чадаж байна. Энэ шагнал монгол ажилчдын маань шагнал гэж бодож байна.

Дөрвөн од нь нисэх онгоцны буудал маань дэлхийн стандартаас давсан үйлчилгээ үзүүлж байгаагийн баталгаа юм. Бид цаашид энэхүү зэрэглэлээ баталгаажуулж, улам сайжруулж ажиллана” гэв.

“Скайтракс” байгууллага Их Британийн Лондон хотод төвтэй, 1989 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээр 1-5 оноогоор үнэлдэг байна.

Энэ дагуу “Чингис хаан” ОУНБ-ыг зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт бүрээр үнэлжээ.

Нисэх буудлын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэл авсан ч зарим үйлчилгээ нь “таван од”-ны шалгуур хангасныг онцолж байлаа. Тухайлбал, хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, зарлан мэдээлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, AED төхөөрөмж байршуулалт, тав тухтай байдал, агааржуулалт, цэвэр цэмцгэр орчин, ариун цэврийн өрөө, байгууламжийн стандарт зэрэг нь таван онооны шалгуур хангасан байна.

Үүнээс гадна “Скайтракс” олон улсын байгууллагаас нисэх буудлын угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэлх бүх шатны ажилтнуудын харилцаа хандлагыг мэргэжлийн түвшинд байгааг онцолж, “Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна хэмээн дүгнэжээ.

Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг бөгөөд ”Чингис хаан” нисэх буудал тул ийнхүү дэлхийн шилдэг 111 буудлын нэгээр нэрлэгдээд байна. 

Нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн хувьд нисэх буудлыг олон улсын түвшинд үнэлүүлэх зорилт тавьж, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд бэлтгэлийг хангаснаар нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд нэгэн жигд, ижил түвшинд үйлчилгээгээ сайжруулах нөхцөлийг бүрдүүлжээ.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Хил, Гааль, Гадаадын иргэн харъяатын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, Тээврийн прокурор, Тагнуул, Иргэний агаарын тээврийн цагдаагийн газар, агаарын тээвэрлэгч авиа компаниуд, худалдаа үйлчилгээний газрууд гэх мэт төрийн тусгай чиг үүргийн болон хувийн хэвшлийн 80 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тус нисэх буудал энэ сарын 20-ны байдлаар, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч 20 авиа компани олон улсын 23, орон нутгийн долоон чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу