ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх болон зуны цагийн тоололд шилжих асуудалд дараах байр суурийг илэрхийлж байна. 

Тэрбээр “УИХ шийдвэр гаргахаас өмнө Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хууль хяналтын байгууллагууд ямар баримт, мэдээлэлд үндэслэж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт өгсөнтэй нь танилцаж, шийдвэр гаргана. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгдээд, түдгэлзүүлэх ёстой гэсэн санал гаргасан тохиолдолд УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар сонсож, улс төрийн шийдвэрээ гаргана. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр л чухал. Хэргийн материалтай танилцаагүй байж, түдгэлзүүлэх эсэх талаар ярьж болохгүй. Бид харанхуйгаар шийдвэр гаргахгүй. Асуудалд улс төрийн өнцгөөс асуудалд хандахгүйгээр бодит нөхцөл байдалд тулгуурлаж, шийдвэрээ гаргана” гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр Зуны цагийн хуваарь шилжих асуудлаар яамдаас санал авсан. Монгол Улс нар мандаж, жаргаж байгаа цагтаа тохируулж хөдөлмөр эрхлэх байдалд анхаарлаа хандуулах ёстой. 

Гэхдээ ХХХЯ болон Стандарт хэмжилзүйн газраас “Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог” гэсэн тайлбар, санал ирсэн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй. Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжихээр төлөвлөж байна. Зуны цагийн тоололд шилждэг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Эл шийдвэрийг УИХ-д танилцуулж, тогтоол гаргаад Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой.

Жишээ нь, амьдрал дээр 06:40 цагт нар мандаж байхад бидний ажил хоёр цаг 30 минутын дараа эхэлж байгаа байдал нь бүтээмжийг сулруулж байна гэж үзэж байгаа.

Ажлын цагийг 08:00 цагт эхлүүлдэг байж болно. Гэхдээ хүүхдийн хичээл 07:00 цагт эхлүүлдэг болох уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр нийтээрээ цагаа хөдөлгөх нь хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу