Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хамтран өнөөдөр (2024.05.24) ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо, Иргэнийн нийгмийн зөвлөл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сонгох, сонгогдох эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг бататгах, сонгуулийн хуулийг зөрчих, далд сурталчилгаа хийх, хүний нэр төр, хувийн мэдээлэлд халдах, худал мэдээлэл тараах, кибер орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хүний эрх ба Сонгууль” сургалт зохион байгууллаа.

Сургалтын арга хэмжээг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн онцлог” сэдвээр эхлүүлэв. Тэрбээр “Энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэд санал өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтад гадаадад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийн саналыг авсан. Санал хураах процесст нийт 7700 орчим хүн бүртгүүлснээс 4400 орчим нь саналаа өгсөн.

Тухайн үед санал өгөхийг уриалах, хэрхэн санал өгөх талаарх мэдээллийг бүх сувгаар түгээсэн боловч иргэдийн идэвх сул байсан. Учир нь тухайн иргэн санал өгөхийн тулд эхлээд оршин суугаа улсынхаа Дипломат төлөөлөгчийн газарт очиж бүртгүүлнэ.

Үүний дараа санал өгөх үедээ дахин очих шаардлага гардаг байсан нь санхүүгийн хүндрэл тулгарах шалтгаан болж байсан юм. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх гадаад дахь иргэд цахимаар бүртгүүлж болно. Харин санал өгөх үед өөрийн биеэр заавал очих ёстойг анхаарах шаардлагатай. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглах материллаг эдийн хэрэглээний зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Мөн тухайн тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэг дор авах боломжийг иргэдэд олгож байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигч бүр өөр өөрийн сурталчилгааны самбар ашигладаг байсныг болиулж, нэг тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдийн мэдээллийг нэг самбар дээр байршуулна” гэлээ.

Энэхүү арга хэмжээнд Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов оролцож, олон нийтийг бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх нь сэтгүүлч хүний гол үүрэг.

Ур чадвар, орчин үеийн сэтгүүлзүйн мэдлэг, дадал эзэмшсэн ёс зүйтэй сэтгүүлч нь өнөөгийн нийгмийн хамгийн эрэлттэй боловсон хүчин байх ёстой, дагаад ард түмнийг мэдлэгжүүлдэг, тэдний оролцоог төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэж чаддаг үнэний хоолой нь байж чадна гэдгийг оролцогчдод хандаж хэлсэн юм.

Энэ удаагийн сургалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Б.Болор, СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны ЗХБМАЗХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Чулуунбаатар, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Түмэндэмбэрэл нар мэдээлэл хийлээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу