НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Эвслийн орнууд өнөөдрийг хүртэл Украин хэзээ тус холбоонд элсэх боломжтой болох талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна” гэж хэлжээ.

Тэрбээр Британийн “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Украин хэзээ НАТО-гийн гишүүн орон болохыг би хэлж чадахгүй байна. Гэхдээ бид Украинд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхэд тусалж байна” гэжээ. Түүний хэлснээр, Украин НАТО-гийн техникийн стандартыг хангаж, эвсэлтэй “үйл ажиллагааны нийцтэй байдал”-аа нэмэгдүүлэх ёстой аж.

Үүнээс гадна Столтенберг “Украиныг НАТО-д элсүүлэхэд тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын улс төрийн хүсэл зориг чухал” гэж онцолсон байна. Түүний бодлоор “тодорхой үе шат”-нд НАТО-гийн орнуудын удирдагчид Украиныг нэгдэхийг зөвшөөрч магадгүй ажээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга “НАТО-д ийм шийдвэр гаргахад олонхийн бус, бүх улс орны зөвшилцөл хэрэгтэй”-г хүлээн зөвшөөрсөн байна.

Украин 2022 оны есдүгээр сард Умард Атлантын эвсэлд яаралтай элсэх хүсэлтээ гаргасан. НАТО 2023 оны долдугаар сарын 11-нд Вильнюс хотноо болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд мэдэгдэл гаргаж, Украины ирээдүй тус холбоотой салшгүй холбоотой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Баримт бичигт “Холбоотон орнууд зөвшилцөлд хүрч, Барууны зүгээс Киевт тавьсан болзлыг хангасан үед НАТО-д элсэх урилгыг Украинд илгээж болно” гэжээ. Гэвч элсэх боломжит хугацааг зарлаагүй аж. Тус байгууллага Украин мөргөлдөөнтэй байхад НАТО-д элсэх боломжгүйг нэг бус удаа онцолж байв.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу