“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын ахмад үеийн төлөөлөл болох 75 настай оролцогч Б.Батнасантай ярилцлаа.

-Хэдэн километрт гүйсэн бэ? Хэдэн настай вэ?

-Би 21 км гүйгээд ирлээ. Одоо 75 настай. 

-Өмнө нь энэ марафонд оролцож байсан уу? Яагаад гүйхээр болов?

-Би Улаанбаатар хотын хүн. Миний хувьд 2015 оноос эхлээд энэ марафон гүйлтийг сонирхоод, өглөө болгон өөрийнхөө төлөө гүйдэг. Би дэд мастер, мастер зэрэгтэй. Тэгээд өөрийн хоббигоороо л гүйж байна. Өөрөө эрүүл байж, хүүхдүүддээ урам зориг өгөхийн тулд гүйж байгаа. 

-Өмнө нь ямар ямар амжилтууд гаргаж байв?

-Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд Багахангай дүүрэгт ороод мөнгөн медаль авсан. Филиппинд зохиогдсон Азийн аваргаас хоёр мөнгөн медаль аваад ирсэн. 

-Эх орондоо гүйх ямар байна вэ?

-Эх орондоо гүйх их гоё байна. Би эхлээд 5 км-т гүйдэг байсан. Тэгээд 10 км-т гүйгээд, одоо 21 км-т гүйж байна. Дараа нь 42 км-т гүйдэг юм уу гэж бодоод байна. 

-Холын зайнд гүйх хэр байна вэ? Цуцаж байна уу?

-Өөрийн биед тохируулж тайван гүйдэг болохоор цуцна гэж байхгүй маш гоё юм байна. Би цаашдаа ч гэсэн гүйнэ гэж бодож байна.

-Танаас маш их эрч хүч мэдрэгдэж байна. Нийт оролцогчдодоо хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Нас гэдэг бол тоо. Тийм учраас бүгдээрээ эрүүл байхын төлөө гүйхгүй юм аа гэхэд өглөө болгон гарч хөдөлж байх хэрэгтэй гэж боддог. Гүйнэ гэдэг маш сайхан юм байна. Тиймээс өөрсдийнхөө төлөө гүйж, хөдөлгөөнтэй байцгаая. 

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу