“Ихбит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг суллах шийдвэрийг шүүхээс өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд  гаргажээ.

Тодруулбал, койны хэргээр яллагдагчаар татагдан хоригдож буй Б.Гантигийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг нийслэлийн Прокурорын газраас ирүүлснийг шүүх хүлээж аваагүй байна. Харин О.Мөнхжингийн тухайд эрүүл мэндийн шалтгаанд үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасны дагуу шүүх хангаж шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, тус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манипуляц хийж, олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн.

Улмаар Эрүүгийн хуулийн 18.19.2.1, 18.19.2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу