Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэсэн. Үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаад байгаа юм. Энэ жил үүн дээр нэмээд 25 мянган ам метр явган зам шинээр тавина гэсэн тооцоолол бий. Тэгвэл нийслэл хотод мөрдөгддөг авто зам, явган хүний  зам, дугуйн замын стандартын талаар, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Гэрэлням ийнхүү тайлбарлажээ.

Авто замын салбарт 223 стандарт мөрдөгдөж байна. Эдгээрийн 80 орчим хувь нь ХБНГУ, Евро норм, Их Британи, Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын стандартууд юм.

Манай улсад мөрдөгдөж байгаа явган хүний зам болон унадаг дугуйн замын стандартууд  олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл, явган хүний зорчих орон зай, гарц гарам, түүний аюулгүй байдал, явган зорчигчдод зориулсан гудамж талбай буюу тээврийн хэрэгсэлгүй бүс зэрэг хэрэгцээ шаардлагатай үзүүлэлтүүдийг тусган боловсруулсан байгаа.

 Өмнө мөрдөж байсан стандартад явган хүний замын өнгө хучилт нь нийтийн хэрэглээний замтай ижил асфальтан болон цементэн хучилттай байсан. Харин сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс тактелан зам барих шаардлагатай гарахад явган хүний замын хучилт өрмөл чулуун байж болно гэж стандартад зааж оруулсан. Гэвч хэрэгжүүлэлтийн шатанд стандартын шаардлага бүрэн дүүрэн хангахгүй барилгын ханын өнгөлгөөний гөлгөр барзгаржилт хангахгүй хавтангуудаар зам, талбай барьж халтиргаа, гулгаа үүсэн, явган хүний аюулгүй байдлыг хангахгүй байна.

Тактелан замын товгор хээг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан стандарттай байгаа. Явган хүний замын өргөн нь 2 тэргэнцэртэй иргэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байхаар заасан бөгөөд стандартуудын техникийн түвшинг 5 жил тутам хянаж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн байнга сайжруулж байх ёстой. Иймээс бид дэд бүтэцийн чанар, аюулгүй байдлыг хангасан үзүүлэлтүүдийг түлхүү анхаарч судалж, шинжилж ажилладаг.

Жишээлбэл, орон сууцны хорооллын гудамж зам гэхэд л хамгийн багадаа 6-7.5м өргөнтэй байх, ачаа, даацын хэмжээ тооцоогоор тул барих материалынхаа уян харимхайн үзүүлэлтээс хамаараад зузаан нь өөр өөр байдаг. Явган хүний замын өргөн 1.5 метрээс багагүй байх гэх мэт заалтуудыг холбогдох норм болон стандартуудад зааж өгсөн байна.

Стандартыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих хүмүүс нь улсын хяналт, шалгалтын байцаагч нар. Авто замын зураг төсөл боловсруулан, магадлал хийхээс эхлээд норм, стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангаж байна уу гэдгийг хянаж, дүгнэлт гарган ямар нэг алдаа дутагдал, зөрчил байвал арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу