Ардчилсан намаас тавдугаар сарын 20-нд Үндэсний бодлогын хороогоороо баталсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн эх хувийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хүлээлгэж өгчээ.
2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хурлаар АН-ын дарга Лу.Гантөмөрийн уншиж, батлуулж, гарын үсгээ зурсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг өчигдөр (2024.05.25) Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.
ҮБХ-ны хурлын өмнө Лу.Гантөмөр дарга фракцуудтай зөвшилцөж сольсон цөөн нэрсийг дээрээс нь балаар дарж өөрчилсөн байсныг шинэ хувилбараар нь уншсан байна. Харин Х.Тэмүүжин, М.Чимэддорж нар зөвшилцөөгүйгээр нэрсээ жагсаалтад өөрсдөө гараараа нэмж бичсэн тул сольж уншилгүй хуучнаар нь уншсан гэх мэдээ байна.
Эх хувийг хавсаргасан ҮБХ-ны тогтоолд тэргүүлэгчдийн олонхи буюу 50+1 нь гарын үсэг зурж, тамга даржээ.
Тавдугаар сарын 20-ны тус намын ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрсийг шөнө нь сольж, шинээр үйлдэн, СЕХ-нд өгсөн хуурамч жагсаалтад намын гишүүдээ хасаж, намын бус, огт танихгүй олон хүний нэрийг оруулсан сурагтай.
Хурлын дараа шөнө үйлдсэн хуурамч нэрсийг Ардчилсан намын УТЗ, ҮБХ болон жирийн гишүүд бүгд эсэргүүцэж байгаа гэнэ.
Ардчилсан намын гишүүд “Энэхүү хуурамч жагсаалтыг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцох ёстой” хэмээн буй юм байна.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу