УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхлэхэд 32 хоног үлдлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авч дууссан.

Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүйгээ мэдэгдэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлээд байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах юм байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо хамтран энэ сарын 24-ний өдөр “Хүний эрх ба Сонгууль” сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтад “Хүний эрх ба Сонгууль” сургалтад ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх алба ЗХБМАЗХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Чулуунбаатар Зөрчлийн тухай хуулийн “Сонгуулийн хууль зөрчих” зохицуулалт сэдвийн хүрээнд танилцуулга хийв.

Тэрбээр хэлэхдээ “сонгуулийн сурталчилгааг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах, намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах, ухуулах байр ажиллуулах, сонгогчдын уулзалт, хурал цуглаан хийх, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах, сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, цахим орчин ашиглах, өдөр тутам болон бусад сонин сэтгүүлд сурталчилгааны материал нийтлүүлэхээс бусад арга хэлбэрээр явуулж болно.

Харин бусад арга хэлбэрээр сурталчилгаа хийвэл зөрчилд тооцогдоно. Тухайлбал, холбогдох хууль, журамд сурталчилгаанд хориглох үйлдэл, үйл ажиллагааг тодорхойлж өгсөн. Үүнд:

-Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх

-Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх

-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах

-Төрийн болон өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах

-Орой 22.00 цагаас өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглахыг хориглоно” гэж хэлэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд “Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавихад баримтлах зарчим”-ыг танилцуулав.

Тус зарчимд “Сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд сонгуулийн сурталчилгааг цахим хуудсанд байршуулахад нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл (нэр, далбаа, таних дэмдэг, сонгуулийн уриа)-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар тэмдэглэсэн байхыг заажээ.

Д.Батболд хэлэхдээ “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлээгүй цхим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахгүй.

Цахим хуудас нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 48.3-т заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хийсэн сонгуулийн сурталчилгааг нийтэлнэ.

Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах бол Монгол Улсын Их Хурлын сонгууийн тухай хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлнэ.

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны дүрсний, дуу-дүрсний бичлэгт “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэсэн таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд байрлуулаагүй тохиолдолд ун контентыг энэхүү журмын 6.6- заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна” гэв.

Журамд заасаар, нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн тус бүр нэг цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажиланд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийг маягтын дагуу бүртгүүлэх юм байна.

Монгол Улсын Их Хурлын сонуулийн тухай хуулийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа нийтлэх тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооы зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлсэн байх ажээ.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн мэдээллийг бүртгэл хийснээс хойш нэг хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах ороо болон Сонгуулийн ерөнхий хороонд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлэх юм байна.

Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн албан ёсны цахим хуудсанд сонгуулийн жил дуусах хүртэл хугацаанд байршуулах ажээ.

Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн.

Энэхүү журмын 3.2-т “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ” гэж заасан.

Иймд сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг “Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт”-ын дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор бүртгүүлэх (маягт татах) юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу