Энэ долоо хоногийн Бямба гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр хүүхдэд бэлэг өгдөг заншил тогтсон. Аав, ээжийн ажлаас, хамаатнуудаас гээд хүүхэд багачууд томчуудын өгсөн ууттай бэлгэнд “дарагддаг”. Харамсалтай нь, ууттай бэлэг тэр чигээрээ сахар агуулсан, шим тэжээлгүй бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн байх нь элбэг. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 5-8 гр, насанд хүрсэн хүн 25 гр сахар хэрэглэх нь зохимжтой. Гэтэл дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагддаг аж. Тодруулбал, нэг уут бэлгийг нэг жүүс, нэг жигнэмэг, нэг шоколад, гурван төрлийн чихэр зэрэг нийт зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй байхаар тооцож судалжээ. Тэгэхээр нэг уут бэлгэнд насанд хүрсэн хүний сахарын хэрэглээнээс 16 дахин, хүүхдийн сахарын хэрэглээнээс 80 дахин их хэмжээтэй бүтээгдэхүүн бий гэсэн үг. 

Мөн хүнсний томоохон дэлгүүрүүдэд ууттай бэлэг багцалж бэлдэхдээ дотор нь юу хийсэн нь мэдэгдэхээргүй болгож, зурагт хайрцагт хийсэн байдаг. Тэдгээр нь хүүхдийн сонирхлыг илүү татаж, эцэг, эх нь таг харанхуйгаар худалдан авалт хийнэ. Чухамдаа тэнд хэзээ үйлдвэрлэсэн, юу агуулагдаж байгаа нь тодорхойгүй. Дэлгүүрийн лангуун дээр удаж буй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг багцалж боосон байх ч эрсдэлтэй.  

Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөр энэ талаар хөндөж, эцэг, эхчүүдэд хандан уриалга гаргажээ. Тэрбээр “Нэг уут бэлгэнд ойролцоогоор 420 гр сахар агуулагддаг. Нэг баяраар хүүхэд хэдэн уут бэлэг иддэг вэ. Уг нь бол Хүүхдийн баяраар хүүхдүүдэд хамгийн гоё бэлэг өгөх ёстой.

Монгол Улсад худалдаалагдаж байгаа бэлгүүд бараг тухайн ондоо зарагдаагүй, хугацаа дуусах дөхсөн, эсвэл хамгийн муу чихэр, хийжүүлсэн ундаа зэргээс бүрдсэн байдаг.

Энэ нь хүүхдийн дотор эрхтэнүүдэд огцом ачаалал өгч, цочмог үрэвсэл, хордлого үүсгэх эрсдэлтэй. Хэт их сахарын агууламжтай чихэр печень, хийжүүлсэн ундаа зэрэг чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүнээр хүүхдийг хуурч, хордуулахаа больцгооё. Олон төрлийн бэлгийн сонголттой болсон цаг шүү” хэмээжээ. 

-ЗӨВЛӨГӨӨ: ХҮҮХДЭД ХЭРХЭН БЭЛЭГ СОНГОХ ВЭ-

Сахар ихтэй, чанаргүй бүтээгдэхүүн бүхий бэлгээс татгалзвал хүүхдэд ямар бэлэг өгөх вэ гэдэг бодол таны толгойг гашилгаж магадгүй. Тиймээс хүүхдийн хоолны талаар мэдээлэл хүргэдэг “Лагшмаагийн ээж” пэйжид нийтлэгдсэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Ойр дотнын хүүхдүүддээ бэлэг сонгохоор төлөвлөж байгаа бол хүүхдээс өөрөөс нь, эсвэл эцэг эхээс нь хэрэгтэй байгаа зүйлийг нь асууж яагаад болохгүй гэж. Тэдний бэлгэнд авахыг хүссэн зүйл нь таны төлөвлөсөн төсвөөс хэтэрч байвал мэдээж та өөрийнхөө төлөвлөгөөний дагуу хэрэгцээтэй зүйлийг нь сонгож болно. Хэн нэгэнд хэрэгцээгүй зүйл бэлэглэх нь төдийлөн оновчтой бэлэг болж чадахгүй. Хүүхдүүдийн хүсдэггүй, хэрэгцээгүй маш олон зүйл байдаг. Тиймээс тэдэнд илүү утга учиртай бэлэг өгөөрэй.

Хүүхдэд бэлэг сонгохдоо дараах зүйлсийг илүүд үзээрэй. Үүнд,

  • Төрөл бүрийн ном,
  • Хувцас, хэрэглэл,
  • Тэдэнд хэрэгцээтэй зүйл,
  • Тэдний хүссэн зүйл

Тэдэнд бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  • Нэг дор олон амттан орсон бэлгийн багц сонгохоос зайлсхийх. Энэ нь тэдний эрүүл мэндийг хүндэтгэх ухаалаг алхам болно. Аав, ээж, асран хамгаалагч нь ч үүнийг таатайгаар хүлээн авах ухамсартай байх хэрэгтэй. Мэдээж бэлэглэх зүйлийнхээ хачир болгон ганц, хоёр төрлийн амттан хамтад нь өгөхөд буруудахгүй болов уу.
  • Авахыг хүссэн зүйлийг нь өөрөөс нь асуух маш оновчтой бэлэг сонгоход тусална. Жишээ нь, таны ач, эсвэл зээ өөрөө ярьж эхлээгүй балчир бол та бэрээсээ, охиноосоо “Хүүхдэд нь юу илүү хэрэгтэй байна вэ” гэж асуугаарай. Тэдэнд хэрэгтэй зүйл мундахгүй шүү дээ. Хөөрхөн хоолны аяга, халбага, усны сав, энгэрэвч, зурагтай ном гэх мэт хэрэгцээ ундарч байдаг шүү.
  • Ямар ч хамаагүй бэлэг сонгохгүй байхыг хичээгээрэй. Ойлгоорой, нэгэнт та бусдын балчир хүүхдэд бэлэг өгөхөөр төлөвлөж байгаа бол хамгийн чухал нь хэрэгцээтэй зүйл өгөх нь ухаалаг, оновчтой бэлэг болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу