Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Тус хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралд 10 гаруй орны 20 зочин профессор хүрэлцэн ирж оролцжээ.

Хурлаар олон улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх талаар хэлэлцэх, санал зөвлөмж авах, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар хэлэлцсэн байна.

Энэхүү олон улсын хурал хоёр дахь өдөр (2024.05.25)-өө Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр үргэлжилсэн бөгөөд олон улсын эмч, мэргэжилтнүүд УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага солилцжээ. Мөн энэ үеэр тархины үхэлтэй донор тодорхойлох болон элэг шилжүүлэн суулгах багийн сургалт зохион байгуулсан байна.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан,  тус төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ-ийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд хамтран гурван удаа зохион байгуулжээ.

 Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу