Засгийн газын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.29)


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. 

Тогтоолд дөрвөн зүйлийг шийдсэн.

  1. Техник хяналтын зардал болох 5 орчим сая долларыг 2024-2027 оны улсын төсвүүдэд суулгах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнийг Сангийн сайд болон Эрчим хүчний сайд нарт даалгалаа. 
  2. Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр 4 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ эх үүсвэрийг 2024 оны улсын нэгдсэн төсөв батлах үед суулгахаар боллоо. 
  3. Нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд олгох нэг удаагийн нөхөн төлбөрийн арга хэмжээ байгаа. Нийт 1241 иргэнд  13,4 тэрбум олгох үлдэгдэлтэй байгаа. Үүнийг мөн 2024 онд багтаагаад дуусгахаар шийдвэрлэлээ. 
  4. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сангийн нөлөөлөлд автахад хүрсэн соёлын өвүүд бий. Тэдгээрийг авран хамгаалах ажиллагаанд 6 орчим тэрбум төгрөг  шаардлагатай байгаа. Энэ төсвийг 2024 оны улсын төсөвт суулгах шийдвэр гаргалаа. 

Ингээд 2023, 2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил бүрэн дуусна. 2023 оны төсөвт суулгасан зардлаар манай яам болон Соёлын яам ажлаа хийгээд явж байгаа. 

Нөгөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Хятадын Эгзим банк болон Худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар мэдээллийг хүргэнэ. Учир нь 250 сая доллараас дээш дүнтэй гадаадад хийж байгаа хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг БНХАУ-ын хуулийн зохицуулалт байдаг.

Ингээд Төрийн зөвлөлөөр нь дэмжсэний дараа зээлийн тусгайлсан хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар улиралд багтаагаад хийх төлөвлөгөөтэй байна.

Эгийн голын усан цахилгаан станцын тухайд ОХУ-аас Юнескод гомдол гаргасан байгаа. Түүний дагуу манай Эрчим хүчний яамны захиалгаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр гадаадын компани хөлсөлсөн. Үр дүн нь гарчихсан. Одоо Юнеско болон ОХУ-ын талд хүргүүлнэ. 

Тавантолгойн цахилгаан станцын тухайд, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тендер зарлах эрх зүйн орчин бий болгох тогтоолын төсөл оруулсан. Тэр үед сайд нар 2,3 төрлийн санал гаргасан. Тиймээс энэ асуудлыг дахин долоо хоногоор хойшлуулж байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Түүний дараа тендер зарлана. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу