Агаарын тээврийн “Qatar Airways” компанийн, Дохагаас Дублин руу нисч явсан онгоц өнгөрсөн Ням гарагт агаарын хүчтэй урсгалд орсны улмаас 12 хүн гэмтэж бэртсэн байна.

Орон нутгийн цагаар 13.00 цаг орчимд Дублинд газардсан тус онгоцыг нисэх буудлын цагдаа, гал түймэр унтраах, аврах албаныхан тэргүүтэй онцгой байдлын алба хаагчид угтан авчээ.

Дублин нисэх онгоцны буудлаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, ослын улмаас зургаан зорчигч, багийн зургаан гишүүн бэртсэнээс наймыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Тус мэдэгдэлд “Qatar Airways” компанийн QR017 нислэг Турк Улсын дээгүүр нисч байхдаа агаарын хүчтэй урсгалд орсон гэж дурджээ.

Дублины нисэх онгоцны буудлынхан зорчигчид болон ажилтнуудад тусалж буй бөгөөд үйл ажиллагаанд нь ямар нэгэн саад учраагүй талаар мэдэгдсэн байна. Доха руу буцах хуваарьтай QR018 нислэгийн онгоцны хөөрөх хуваарь хойшилж буй талаар нисэх онгоцны буудлаас мэдэгджээ.

“Qatar Airways” компаниас CNN-д “Онгоц Дублинд аюулгүй газардсан боловч “цөөн тооны” зорчигчид болон багийн гишүүд нислэгийн үеэр бага зэргийн гэмтэл авч, одоо эмнэлгийн тусламж авч байна” гэж мэдээлсэн байна. Мөн “Зорчигч, багийнхны аюулгүй байдал юу юунаас чухал юм” гэжээ.

Энэ нь хэдхэн хоногийн өмнө Сингапурын агаарын тээврийн онгоцоор зорчиж явсан 104 зорчигч гэмтэж бэртэн, зүрхний өвчтэй нэг хүн амиа алдсанаас хойш тохиож буй “осол” юм.

Агаарын хүчтэй урсгал нэмэгдсээр байгаа юу?

АНУ-д жил бүр 65000 орчим онгоц агаарын урсгалд ордгоос 5500 орчим нь хүчтэй урсгалтай тулгардаг бөгөөд дээрх тоо өсөх магадлалтай байгаа аж.

Их Британийн Ридингийн их сургуулийн Атмосферийн шинжлэх ухааны профессор Пол Уильямс 2022 онд CNN-д ярихдаа “Уур амьсгалын өөрчлөлт нь агаарын урсгалыг өөрчилж байна. Ойрын хэдэн арван жилд агаарын хүчтэй урсгал хоёр, гурав дахин нэмэгдэж болзошгүй” гэжээ.

Одоогийн байдлаар “Qatar Airways” компанийн онгоц агаарын ямар хүчтэй урсгалд орсон нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу