Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр (2024.05.27) Ардчилсан намын бүлэг хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд мэдээлэл хийж байна. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам Монголын ардчилсан ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн байна. Дүрмийнхээ дагуу нам сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийг тодруулах ажлыг тавдугаар сарын 20-ны орой хийж, нэрсээ зарласан. 

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсан. 2020 оны УИХ-ын сонгуульд мөн л ялагдаж, дөнгөн данган бүлгийн хэмжээнд очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бас ялагдсан. Тэгэхээр энэ удаагийн сонгууль зөвхөн Ардчилсан намын сонгууль биш гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн сонгууль Монголын ардчилал цаашид байх эсэхийг шийдэх чухал сонгууль. 

Монголын хамгийн том асуудал авлига. Авлигыг шийдэж чадах хүмүүсийг сонгоорой гэдэгтэй АН-ын гишүүд санал нэг байна. Дараагийн асуудал нь, ажилгүйдэл, үнийн өсөлт. Үнийн өсөлтийн дарамт, ажилгүйдлийг арилгах баг бүрэлдэхүүнийг УИХ-ын сонгуульд илгээгээрэй гэдэг нь нийт ард түмний хүсэл. 

Нэр дэвшигчдээ тодруулахдаа бид эхлээд намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоосоо асуусан. Эцэст нь, Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг бүрэн хийсэн.

Хоёр зүйл бий. Нэгдүгээрт, тойрогт манай 78 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ хүмүүсийг тодруулахдаа бүлэг бүрт уриалга гаргасан. “Чадалтай, чансаатай, тойрогт өрсөлдөж чадахуйц хүмүүсээ тойрог руу бүрэн илгээгээрэй” гэж уриалсан. Энэ 78 хүнийг жагсаахдаа бид дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээлт гэх зэрэг. 

Бид ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзээд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшүүлж байна. 

Монголд үйлдвэрлэл бий болохгүй бол хөгжихгүй гэдэг утгаар инженерүүдийг нэр дэвшүүлж байна. “Хэлмэгдсэн” Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Тиймээс түүнийг нэр дэвшүүлж байна. 

Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр хүнийг нэр дэвшүүлээч гэсэн хүлээлттэй байна. Энэ хүлээлтэд нь хариулахын тулд хуучин улстөрчдөө ихэнхийг нь хойш суулгасан. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүн. УИХ-ын түвшинд ажиллаж байсан хүн 20 хүрэхгүй, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан хүн найм хүрэхгүй байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу