Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр (2024.05.27) Ардчилсан нам хуралдаж, дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд мэдээлэл хүргэж байна. 

Энэ үеэр Ардчилсан нам дарга Л.Гантөмөр “Сонгууль бол хэн намаа удирдан орж, ямар бодлого танилцуулаад ялалт авах вэ гэдэг шийдэл. Энэ бол сэтгэл хөдлөл биш. 

Бид жагсаалт гаргахдаа гурван хүчин зүйлийг харгалзаж үзсэн. 

Нэгдүгээрт, Ардчиллын үзэл санааг тээгч байх ёстой. 

Хоёрдугаарт, Өнгөрсөн найман жил шийдэж чадаагүй асуудлуудыг шийдэх хүмүүс жагсаалтад орох ёстой. 

Гуравдугаарт, Нийгмийн төлөөлөл орох ёстой. Ийм агуулгаар жагсаалтаар нэр дэвшигчдээ тодруулсан. Жагсаалтын 48 дотор УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан таван хүн л байгаа. Үлдсэн 43 нь цоо шинэ хүмүүс. Манай нэр дэвшигчдийн дундаж нас нь 45.

Дөч хүрсэн эр дөрөө дарсан ат гэдэг үг бий. Үнэхээр Монголын төрийн барья гэвэл туршлага, мэдлэг, залуу нас, сэтгэл зүрх бүгд хосолсон байх ёстой.

126 нэр дэвшигчийг тодруулахад 240 хүн хүсэлтээ өгсөн. Үүнээс 120 орчим нь нэр дэвшиж чадахгүй үлдэж байгаа. Тэр хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Тэр нь Ардчилсан намыг эв нэгдэлгүй харагдууллаа. Ингэж ил тод илэрхийлж байгаа нь үнэндээ АН-ын цаашид эв нэгдэлтэй явахыг харуулж байгаа юм.

Улс төрийн зөвлөлийн гишүүд гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл яриагүй. Улс төрийн зөвлөлийн гишүүд ардчилсан намыг хараар будах ПР-т хэт өртсөн хүмүүсээ хойш нь суулгасан.  Ардчилсан намын 126 нэр дэвшигч яг л нийгмийн захиалга шүү. 

Гадуур будилаан яваад байна. АН-аас дэвшсэн нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс одоо явагдаж байгаа. АН сонгуульд оролцохоо илэрхийлээд, батламжаа авчихсан. Ардчилсан нам Монголын ардчиллыг хамгаалж, сонгуульд оролцож байгаа.  АН-ын шийдвэр нэг л байгаа. Намын даргын явуулсан нэр, намын шийдвэр ганц л бий” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу