Палестины ХАМАС бүлэглэл өнгөрсөн Ням гарагт Израилийн нийслэл Тель-Авив хотын нутаг дэвсгэр рүү анх удаа алсын тусгалын пуужин харвасан байна. Түүний дараа Израилийн зэвсэгт хүчин Рафах дахь объектод нь хариу цохилт өгсөн талаар мэдээлжээ.

ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яам Даваа гаргийн орой Рафах дахь дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас дор хаяж 50 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж мэдэгдсэн байна.

Израилийн Зэвсэгт хүчин “ХАМАС бүлэглэлийн хуаранд агаараас цохилт өгсөн бөгөөд энэ үеэр энгийн иргэд өртөж хохирсон” гэж мэдэгджээ. Мөн “Олон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхой объектуудад цохилт өгсөн бөгөөд ХАМАС тус бүсийг ашиглаж байгааг харуулсан тагнуулын үнэн, зөв мэдээлэлд үндэслэсэн” гэж нэмж мэдэгдсэн байна.

Улмаар “Өмнө нь Тель-Авив руу Рафахаас найман пуужин харваж, хэд хэдэн пуужинг сөнөөсөн” гэж мэдэгдсэн бөгөөд энэ үеэр хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй аж.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Ахмад Хан Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант нарыг баривчлах тушаал гарсныг мэдэгдсэн, мөн Европын гурван улс Палестиныг “тусгаар тогтносон улс” хэмээн хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа ийнхүү халдлага гарчээ.

Герцлия, Пета Тиква зэрэг бусад хот, суурин газруудад пуужингийн довтолгооноос хамгаалах дохио дуугарсан байна.

Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Герцлия дахь нэгэн цэцэрлэгийн барилгаас олдсон пуужингийн хэлтэрхийг харуулсан бичлэгийг нийтэлжээ.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан өөр нэг бичлэгт Кфар Саба хотын ойролцоох задгай талбайд пуужин туссаны улмаас болж том хэмжээний “хонхор” үүссэн бололтой.

“Sky news”-т мэдээлснээр, ХАМАС бүлэглэл Тель-Авив руу пуужингууд харвасны дараа Израилийн зэвсэгт хүчний агаараас довтолж, үүний улмаас Рафах хотод 35 хүн амь үрэгджээ.

Палестины эмч нарын мэдээлснээр, Газын өмнөд хэсэг дэх дүрвэгсдийн хуаран цохилтод өртсөн бөгөөд хэргийн газраас авсан бичлэгээс харахад, их хэмжээний хохирол учирсан байна.

ХАМАС-ын хяналтад буй Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дор хаяж 35 хүн нас барсны дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан аж.

ХАМАС мэдэгдэлдээ “Хэдэн зуун мянган дүрвэгч цугларсан бүс нутаг” гэж мэдэгдээд, халдлагыг буруушаасан байна.

Израилийн зэвсэгт хүчин хоёр долоо хоногийн өмнө хуурай замын довтолгоо хийж эхэлсний улмаас хотын зүүн бүс нутгаас олон хүн дүрвэжээ. Улмаар тус хүчин олон мянган хүн хоргодож байсан баруун Рафах хотын Тель Аль Султан дүүрэгт агаарын цохилт өгсөн байна.

Эх сурвалж: BBC, SKY NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу