Арменийн цагдаа нар өнөөдөр (2024.05.27) өглөө Ереван хотын гудамжийг хааж, Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардан жагсаж буй сөрөг хүчний 196 идэвхтэнийг баривчилжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамны Хэвлэлийн албанаас ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

Тус албанаас “Баривчлагдсан бүх хүн цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж мэдэгджээ. Үүнээс өмнө нийт 67 жагсагчийг баривчилсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Жагсаалын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын мэдээллийг Арменийн цахим порталууд ч шуурхай мэдээлж байгаа аж.

Сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч, хамба Баграт Галстаняны уриалгын дагуу тус улсын идэвтхэнүүд өглөө эрт Арменийн олон газарт жагсаж эхэлсэн байна. Энэ талаар сөрөг хүчний “Србазан пайкар” (“Ариун тэмцэл”) албан ёсны Telegram сувгаараа дамжуулан мэдээлжээ.

Тараасан цахим бичлэгүүдээс харахад, идэвхтэнүүд Аштарак хотын орчимд Иран руу чиглэсэн улс хоорондын хурдны зам болон Ереван хотын гудамжуудыг хаасан байна.

Улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч, сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч Баграт Галстанян өнгөрсөн Ням гаригт болсон жагсаалын үеэр “Жагсаалын дараа засгийн газрын зуслангийн байшинг зорьж, Арменийн танхимын тэргүүн Никол Пашинянтай уулзахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу