“Дэлхийн хамгийн залуу эрэгтэй зураач”-аар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөд буй, Гана улсын иргэн, нэг настай бяцхан хүүгийн ээж үрийнхээ авьяас чадвараар бахархаж, “Урлагийн ертөнцөд цахиур хагална” хэмээн найдаж байгаа талаараа ВВС агентлагт ярьжээ.

Эйс-Лиам Нана Сэм Анкрах хүү нэг нас 152 хоногтойдоо гайхалтай амжилтад хүрсэн байна. Түүний ээж Шантелле Куукуа Эган “Хүү маань өнгө будгийн хоршлыг хэдийнэ мэддэг болсон” гэж хэлжээ. Тэрбээр хүүгээ дөнгөж зургаан сартайд зурах авьяастайг нь олж харсан байна.

Эйс-Лиам зургаахан сартайгаасаа зурж эхэлжээ.

Таван сар хүлээсний эцэст Даваа гарагт Эйс-Лиам “Гиннесийн дээд амжилт” (GWR)-д албан ёсоор бүртгэгдсэн тухай сайхан мэдээг сонсжээ. Хатагтай Эган ВВС-д “Би цахим шуудангаа нээгээд, бурхандаа талархсан” хэмээн ярьсан байна.

Дэлхийн дээд амжилтын эзэн болохын тулд Эйс-Лиам мэргэжлийн зураачдын үзэсгэлэнд зургаа дэлгэж, бас бүтээлээсээ худалдсан байх ёстой гэж GWR мэдэгджээ. Мөн бүтээлээ өөрийн гараар, мэргэжлийн түвшинд бүтээх шаардлагатайг нэмж, нотлох баримтаар баталгаажуулах “даалгавар” өгсөн байна.

Эйс-Лиамын 15 уран зураг зарагдсан байна.

Эйс-Лиамын зурсан зургуудыг өнгөрсөн арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын эхэн үе хүртэл Гана улсын нийслэл Аккра хотын Шинжлэх ухаан, технологийн музейд дэлгэжээ. Тэргүүн хатагтай Ребекка Акуфо-Аддогийн захиалгаар хийгдэж, үзэсгэлэнд тавигдсан 10 бүтээлийн есийг нь худалдсан байна.

Хатагтай Эган “Хүүгийнх нь бүтээл түүнд Жексон Поллокийг санагдуулдаг” гэжээ.

Ирэх долдугаар сард хоёр нас хүрэх авьяаслаг хүү Эй-Лиам нийт 15 уран зураг зураад байгаа бөгөөд удахгүй түүний бүтээлүүдийг худалдах дуудлага худалдаа зохион байгуулагдах аж.

Хатагтай Эган хүүгийнхээ зурах авьяасыг санаандгүй байдлаар “нээжээ”. Тэрбээр 2023 оны “Ертөнцийн мисс”-т зориулан бүтээл хийх захиалга авсан байна. Өрх толгойлсон ээж бүтээлээ хийхдээ Лиамыг завгүй байлгах шаардлагатай болжээ. Иймд хүүгийнхээ өмнө даавуу, зотон будгууд тавьж өгөөд, түүгээр тоглохыг зөвшөөрсөн байна. Хүү тэр даруй зурж эхэлжээ.

Хатагтай Эган эцэг. эхчүүдэд хандан хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлж, урамшуулж байхыг уриалав.

Эган “Тэр тод өнгөнд маш их дурлаж байсан” гэж хэлсэн бөгөөд хүүгийнхээ анхны анхны гайхамшигт бүтээлийг “Мөлхөлт” гэж нэрлэсэн байна. Эйс-Лиамын ур чадвар тод өнгө, нийлэг будгаар тодорхойлогдож буй бөгөөд динамик дүрслэл, хийсвэр дүрснээс бүтэж байгаа аж.

Эган “ВВС”-д өгсөн ярилцлагадаа “Хүүгийн минь зурсан зургууд аливаа зүйлийг нээх хүсэл эрмэлзэл, сонирхлыг нь харуулж байна” гэжээ. Тэр хүүгээ олон улсын уран бүтээлчид, ялангуяа Америкийн зураач Жексон Поллок, Их Британийн Дэмиан Хирст нараас суралцаасай гэж хүсэж буйгаа хэлсэн байна.

Гана улсын Тэргүүн хатагтай Эйс-Лиамд уран бүтээлийн захиалга өгчээ.

Эган бүсгүй Эйс-Лиамыг олон улсын тэтгэлэгт хамруулж, авьяасаа улам өнгөлнө гэж найдаж байгаа аж. Тэрбээр “Би эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ авьяасыг багаас нь хөгжүүлээрэй гэж уриалмаар байна” гэж хэлжээ.

Эган хүүдээ студи байгуулж өгсөн бөгөөд Эйс-Лиам дараагийн шилдэг бүтээлээ туурвихад бэлэн болсон байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу