Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.27) “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэл, тэр дундаас мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийг нийлүүлэлтийн сүлжээний хамт үе шаттайгаар байгуулах зорилтууд тусгагдсан.

Монгол Улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүнээс хонины ноос 37.0 мянган тонн, ямааны ноолуур 10.0 мянган тонн, тэмээний ноос 2.0 мянган тонн, сарлагийн хөөвөр 400 тонн байна. Ноос, ноолууран түүхий эдийнхээ 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортолж байна.

2023 оны эцэст 64.6 сая толгой мал тоолуулсан бол энэ жилийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 6.9 сая толгой мал, үүнээс 0.003 сая тэмээ, 0.38 сая адуу, 0.6 сая үхэр, 3.7 сая толгой хонь, 2.3 сая толгой ямаа тус тус хорогдоод байна. Эндээс тооцоход хонины ноосны нөөц 31.6 мян.тонн, ямааны ноолуур 8.0 мян.тонн болж буурахаар байна.

Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж, дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Арьс, ширний салбарын хувьд авч үзвэл жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй хэдий ч, 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь боловсруулж чадахгүй байна. Тухайлбал, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд 2023 онд 3.3 сая ширхэг арьс ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс ширэн гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэг нь боловсруулж, 12.5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй байна.

Арьс, шир боловсруулах салбарт нийт 14.9 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах, 700 мянган ширхэг бодын шир, 1.7 сая ширхэг богийн арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан ба арьс ширний гүн боловсруулалтын хүчин чадал дутагдалтай байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гаднын худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна.

Түүнчлэн үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилтны хангамж дутмаг, тогтвор суурьшил сул байна. Үйлдвэрүүд хүний нөөцийг сургах, тогтвор суурьшилтай ажиллуулахад боломжоороо анхаарч байгаа хэдий ч цөөн хэдэн үйлдвэрээс бусад нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Дэлхийн зах зээлд 2023 оны байдлаар 652.9 тэрбум ам.долларын хувцасны хэрэгцээ байна. Энэ нь 2027 онд 830.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаагаас 2 хувийг ноос, ноолууран хувцас эзэлж байна. Мөн дэлхий нийтийн чиг хандлага байгальд ээлтэй үйлдвэрлэлд анхаарах болж, эко бүтээгдэхүүний хэрэглээ 2032 онд 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөцөд тулгуурлан “Цагаан алт” болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо нэмүү өртөг бүтээх шаардлагатай байна.

Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан” гэж танилцуулав.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор батлахаар, малыг эрүүлжүүлэх, арьс ширний чанарыг сайжруулах, түүхий эдийн бэлтгэл, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулах, олон улсад магадлан итгэмжлүүлэх, сурталчлан таниулах, үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцолбор, кластер байдлаар хөгжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ 20-30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Үндэсний хэмжээнд хэрэгжих “Цагаан алт” хөтөлбөрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх Загджавын Мэндсайхан санаачилсан байна. Тэрбээр тус хөтөлбөрийн талаар малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур, арьс ширийг үнэтэй болгох, боловсруулах үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжихэд чиглэж байгааг онцолсон юм.

Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 20-30 хувиар нэмэгдүүлэх, нийт 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зах зээлд нийлүүлэхээр тооцсон байна. Уг санхүүжилтийн 700 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 800 орчим сая ам.долларт хүргэх тооцоолол гаргасан байна.

 “Цагаан алт” хөтөлбөрийн гол агуулга:

  • “Цагаан алт” бодлогын хүрээнд малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, өргөтгөх иргэд, аж ахуйн нэгжүүдийг бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалт, татварын хамгийн ээлтэй бодлогоор дэмжинэ.
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Био комбинатыг бүрэн шинэчилснээр импортоор авч байгаа 7.5 сая ам.долларын гоц халдварт шүлхий, мялзан, арьс товруутах өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ.
  • “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20-40 хувь, үйлдвэрлэл, экспорт, ажлын байрыг 1.3-1.7 дахин өсгөнө.
  • Ноосны бүрэн боловсруулалтыг 25-55 хувь, үйлдвэрлэлийг 2.8 дахин, экспортыг 1.5 дахин, ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлэх бол арьс, ширний боловсруулалтыг 30-50 хувь, борлуулалтыг 2.1 дахин, экспортыг 2.3 дахин, ажлын байрыг 1.7 дахин өсгөнө.
  • Ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээлд 150 тэрбум, ээрэх хөрөнгө оруулалтад 198 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна малын гаралтай түүхий эдийн урамшуулал шууд иргэдийн дансанд шилждэг байх биржийн зохицуулалт хийх боломж бүрдэх юм.
  • Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгож байж залуучууд мал маллах сонирхол, эрэлт нэмэгдэнэ. Ингэж малчдын залгамж халааг бэлтгэх бодлогын арга хэмжээг “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
  • “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлж, ногоон санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ. Ингэснээр ногоон тодотголтой, байгальд ээлтэй хөгжлийг цогцлоох томоохон давуу талтай.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу