Шийтийн “Хезболла” зэвсэгт бүлэглэлийнхэн Израилийн суурин газрууд руу олон тооны пуужин харваж, цохилт өгчээ.

“Аль Маядин” телевизийн мэдээлснээр, шийтийн бүлэглэлийн гишүүд Кирят Шмона хот болон Мерон, Кфар Хошен, Цафон суурингууд руу 80 гаруй пуужин харвасан байна.

Дээрх пуужингуудыг Израилийн агаарын цохилтод хариу болгон харвасан бөгөөд Ливаны өмнөд хэсэгт орших Бинт Жбейл хотын эмнэлэг цохилтод өртөж, нэг энгийн иргэн амиа алдаж, 10 хүн шархадсан талаар “Хезболла”-гийн цэргийн мэдээллийн алба Telegram сувагт нийтэлсэн тайландаа дурдсан байна.

Өмнө нь шийтийн дайчдын хөөргөсөн камикадзе нисгэгчгүй онгоцууд Израилийн хойд хэсэгт орших Нахария хотын нутаг дэвсгэр дэх цэргийн бай, тухайлбал 411-р их бууны дивизийн командын байр, хуарангийн байруудыг оножээ. Мэдээлэлд дурдсанчлан, шууд цохилтын улмаас их хэмжээний хохирол учирсан байна.

Хариуд нь Израилийн нисэх хүчин нисгэгчгүй онгоцуудаар Ливаны өмнөд хэсгийн баруун хэсэгт байрлах “Хезболла” бүлэглэлийн цэгүүдэд агаараас цохилт өгчээ.

“Janoubia” мэдээллийн порталын мэдээлснээр, Айт аль-Шааб тосгон дахь шийтийн тусгай хүчний “Радван”-ын штаб, Майс аль-Жабал, аль-Хийам дүүрэг дэх галын байрлалд таван удаа цохилт өгсөн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу