Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр нүүрсний гэх хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дараах мэдээллийг өглөө.  

Тэрбээр “Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад хүргүүлсэн. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулаад Т.Аюурсайханыг 11 хүнтэй уулзахад нь хязгаарлалт тогтоож, нэг хүнийг яллагдагчаар татсан. Нийт 119 хүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан байна. 

Д.Бат-Эрдэнэ гишүүний тухайд, мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх зүйл ангиар яллагдагчаар татсан. Энэ хэрэгт нийт 66 хүнийг гэрчээр дуудаж, асуусан. 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Мөн компанийн хувьцаа, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан. 

Н.Наранбаатар гишүүний тухайд, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Үүнд нийт 16 эд хөрөнгө битүүмжилж, 60 хүнийг гэрчээр асуугаад байна. 

Эдгээр ажиллагааны үр дүнд УИХ-ын тодорхой гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах бололцоог нь олгох үүднээс дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа хийх нь хэргийг шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт эрсдэлтэй. 

Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд аль нэг газар нэгжлэг хийхдээ УИХ-ын гишүүний хамаарал бүхий объектуудад орвол энэ нь хууль бус ажиллагаа болдог. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр хууль зөрчсөн хэрэг үүснэ. Тийм учраас гурван гишүүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тулд зайлшгүй бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагатай.

УИХ энэ гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй гэдэг шийдвэр гаргавал мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна. Нотлох баримтыг олж авч, бэхжүүлэх ажиллагаа зогсоно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу