Монголын хип хоп хөгжмийн ертөнцийн нэгэн тод өнгө, реппер Десант зургаадугаар сарын 8-нд бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтынхоо талаар өнөөдөр (2024.05.28) олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Big Fish” тоглолт түүний задгай талбайд хийж буй анхны тоглолт юм. Энэ удаагийн тоглолтод 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ажээ. Тайз, хөгжим, зохион байгуулалтын хувьд өмнө нь тоглогдож байгаагүй том хэмжээний тоглолт хийж, сюрприз барихаар бэлдсэн байна.
Тэрбээр “Таван жилийн өмнөөс уг тоглолтыг хйихээр бодож, төлөвлөж явсан. Энэ удаа зорилгоо биелүүлэх гэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тоглолтод реппер Десант өөрийн 30 гаруй уран бүтээлийг дуулахаас гадна залуу артистуудтай хамтран дуулсан бүтээлүүдээ ч сонирхуулах юм байна. Тус өдрийн 15.00 цагаас эхлэн хаалгаа нээх ба залуу артистын уран бүтээлээр эхэлж, 00:00 цагт өндөрлүүлэхээр төлөвлөжээ.
Тоглолтын Ерөнхий найруулагчаар “SKIN entertainment”-ийн найруулагч Б.Анар, Ерөнхий продюсерээр Халзаа буюу М.Даваасүрэн нар ажиллах аж. Б.Анар Улсын их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж байсан. Харин Халзаа буюу М.Даваасүрэн та бидний мэдэх “Зуны зугаа”, “Triple X”, “Triple X hit Awards” зэрэг шоу тоглолтоор нэрд гараад буй уран бүтээлч билээ. 
Хамтран ажиллах байгууллагын хувьд 10 гаруй компани тоглолтын зохион байгуулалтад оролцохоор бэлтгэлээ хангажээ. Тасалбарыг shoppy.mn болон GS25-ын бүх салбараар худалдаалж байгаа аж. 
Дашрамд дурдахад, энэ удаагийн тоглолтод Монголын хип хоп хөгжмийн бүх цаг үеийн шилдэг хамтрал болох “Vanquish, TG, Gee” тайзнаа эргэн ирэхээр болжээ. Олон залуусын сонсож, шимтэж өссөн “Hood” хэмээх дуу энэ удаад дахин дуулагдах юм байна.
Өмнө нь хийгдэж байгаагүй том хэмжээний тайз засалт, бүрэн хэмжээний зохиомжтой “Big Fish” тоглолт энэ зуны анхны хип хоп хөгжмийн томоохон тоглолт болох нь ээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу