“Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл”-ийг бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр (2023.3.29) боллоо. Уг хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяраас хуулийн төслийн талаар тодруулсныг хүргэе.

 “Монгол Улс хуримтлал руу шилжих эхний алхам нь энэ болно гэж үзэж байгаа”

Монгол улс хуваариллын тогтолцоотой явж ирсэн. Цаашид энэ тогтолцоогоор явах, эсвэл бусад орнуудын жишгийн дагуу хагас хуримтлалын тогтолцоогоор явах эсэхийг шийдэх хамгийн чухал үйл явдал. Хуваариллын тогтолцоо гэдэг нь өнөөдрийн бидний төлж байгаа шимтгэлээр ахмадууд маань тэтгэврээ аваад явж байгаа үйл явц. Энэ тохиолдолд залуусын зүгээс хүсээд буй өвлөгдөх эрхийн асуудлууд, мөн нийгмийн зүгээс хүсэж байгаа шударга ёсны асуудлууд хангагдаж чадахгүй байгаа. Тиймээс бид хагас хуримтлалын тогтолцооны хувилбарыг санал болгож байгаа юм. Хэрэв олон нийт энэ хувилбарыг зөв гэж үзвэл өнөөх тэтгэврийн бодолт, өвлөгдөх асуудал гэх мэт олон зүйлүүд маш өөрөөр бодогдож эхэлнэ.

Энэхүү хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь, тухайн хүн нийгмийн даатгалын санд ямар хэмжээний шимтгэл төлсөн яг түүнтэйгээ нийцэхүйц шударга тэтгэвэр авна гэсэн үг. Уг хуримтлал жил жилээр бодогдоод нэг дүн болно. Үүнийг амьдрах дундаж хугацааны илэрхийлэлд хуваагаад таны авах тэтгэвэр гарна гэсэн үг юм. Энэ тохиолдолд нэрийн данс мөнгөжих ёстой. Уг нэрийн дансанд буй мөнгө хүмүүсийн хүсээд байгаа санхүүгийн олон хэрэгцээнд ордог байх, арвиждаг байх зохицуулалтыг мөн хийх ёстой. Нэрийн дансныхаа мөнгөнөөс урьдчилж аваад “Боловсрол, Эрүүл мэнд, Орон сууц” зэрэгт зарцуулах эрх нээгдэх ёстой юм. Даатгуулагч нас барсан, эндсэн тохиолдолд уг мөнгө нь ар гэрийнхэнд нь өвлөгдөх ёстой. Тэгэхээр энэ тогтолцоо хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ гэдэг дээр нийгмээрээ ярилцах шаардлага байгаа юм. Нийгэм олон нийт уг төслийг “зөв” гэж үзвэл УИХ-аар хэлэлцээд цааш хэрэгжүүлнэ. Харин “боломжгүй” гэвэл одоогийнхоо тогтолцоог сайжруулах талаар ярилцаад цааш явах ёстой.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт ажил олгогчдын зүгээс шимтгэлийн хувь хэмжээг аль болох нэмэхгүй байх, даатгуулагчдад үр шимээ өгдөг байх гэх мэт саналууд ирсэн байгаа.

Тэгвэл уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхгүй, бууруулахгүй. Одоо байгаа түвшинд нь цааш авч явна гэж оруулж өгсөн байгаа. Харин ажил олгогчийн түвшинд нэг хувь, даатгуулагчийн түвшинд нэг хувиар хуримтлал үүсгэе. Энэ нь Монгол Улс хуримтлал руу шилжих эхний алхам болно гэж үзэж байгаа. Мөн энэ хуулийн төслөөр нөхөн даатгалыг цаашид хэрэгжүүлэхгүй гэсэн томьёоллоор бичигдсэн. Нэгэнт нөхөн даатгал хэрэгжихгүй учраас иргэд маань нийгмийн даатгалаа төлөөд яваасай гэж хүсэж байна.

Нэмж хэлэхэд, ахмадын тэтгэвэр бол буурахгүй, зогсохгүй гэсэн үг. Жил болгон инфляцтай уялдаад нэмэгдээд явахаар тооцоолсон. Нөгөө талдаа шимтгэл төлөгчдийн нэрийн дансанд хуримтлал үүсээд явна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу