ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны нэгдүгээр орлогч дарга, армийн генерал Владимир Кулишов Хил хамгаалах өдрийг тохиолдуулан “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “НАТО Оросын хилийн ойролцоох нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөхөөр бэлтгэж байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Оросын хилийн ойролцоо НАТО-гийн тагнуулын үйл ажиллагаа эрчимжиж, эвслийн цэргүүдийн байлдааны ажиллагааны бэлтгэл хүч нэмэгдэж, ОХУ-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулах, тэр дундаа манай нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх хувилбаруудыг эрэлхийлж байна” гэж хэлжээ.

Оросын генерал мөн “Энэхүү нөхцөл байдлын улмаас хил хамгаалах чиглэлээр зохих арга хэмжээ авах шаардлагатай” гэж тэмдэглэсэн байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн Даваа гараг (2024.05.27)-т “Украин Оросын нутаг дэвсгэр рүү довтлох эрхтэй” гэж мэдэгджээ. Тэрбээр “зарим холбоотнууд” зохих хязгаарлалтыг хэдийнэ цуцалсныг хэлсэн байна.  Хойд Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын үзэж буйгаар “бусад хязгаарлалтуудыг ч цуцлах” цаг болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Известия” сонинд ярилцлага өгөхдөө НАТО хурцадмал байдлыг улам дэвэргэж байгааг тэмдэглэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Столтенбергийн мэдэгдлийг тайлбарлахдаа “эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж мэдэгдсэн байна.

Италийн Гадаад харилцааны яамны тэргүүн, Шадар сайд Антонио Таяни НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийн дараа “Украин барууны зэвсгийг зөвхөн тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт ашиглах ёстой” гэж тэмдэглэжээ.

Сүүлийн үед НАТО-гийн зарим орнууд Украины мөргөлдөөнд шууд хөндлөнгөөс оролцох тухай олонтаа ярьж буй. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ тухай удаа дараа мэдэгдсэн билээ.

Тэрбээр хэлэхдээ, Орос фронтын шугамыг нэвтэлсэн тохиолдолд, Киев тусламж хүсвэл Парис Украинд цэргээ оруулахыг үгүйсгээгүй бөгөөд “олон улс” түүний “арга барил”-ыг хүлээн зөвшөөрч, цэргүүдээ илгээх боломжтой гэж мэдэгджээ.

Германы “Der Spiegel” сэтгүүл өнгөрсөн Ням гарагт “Киевт нөхцөл байдал хурцадвал Балтийн орнууд болон Польш улс Украин руу цэргээ илгээх болно гэж Герман “анхааруулж” байгаа талаар мэдээлсэн байна.

Кремль эдгээр мэдэгдлүүд байдлыг улам хурцатгаж болзошгүй тул онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.

Барууны улстөрчдийн дайчин мэдэгдлүүдтэй холбоотойгоор ОХУ-д Өмнөд цэргийн тойргийн пуужингийн ангиудын сургуулилт эхэлсэн байна. Энэ хүрээнд стратегийн бус цөмийн зэвсэг ашиглах дадлага сургуулилт хийдэг ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу