УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа уншиж танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулж, хэлэлцэн баталж өгөхийг хүслээ. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалд “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” гэж заасан бөгөөд Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, биет бус өв бөгөөд эх оронч үзэл санаа дэлгэрэн хөгжихөд ач холбогдолтой юм.

Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан бөгөөд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-т “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно” гэж заасан.

Монголчуудын эртний уламжлалт тэмцээний нэг нь жороо морин уралдаан юм. 1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулсаар ирсэн.

Эрт үеэс монголчуудын адуу болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдлыг дээдлэн найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа болгон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй.

Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан, туршлагаараа ялган ангилж, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр нэрлэж хэрэглэгдсээр ирсэн уламжлалтай.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.19-т заасны дагуу зохион байгуулах жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимэг олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгасан болно” гэж бичсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж байгаа бөгөөд хуралдаан дууссаны дараа дээрх хуулийн төслийг дэмжих эсэх талаар санал хураах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу