УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2024.05.28), Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд, Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө болон хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг тус тус батлахаар заажээ.

Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэлээс ирүүлсэн 2025 онд хэрэгжүүлэх нийт 68.0 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний саналыг тусгасан байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс, уг төлөвлөгөөнд тусгагдах улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгах,

төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөөний биелэлтийг жигд зохион байгуулах, дэд бүтцийн чиглэлээрх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд, мөн тогтолын төслийн хавсралтад тусгагдсан бусад төсөл, арга хэмжээний нэр томъёог жигдлэх, тоон үзүүлэлтүүдийн хувь хэмжээг өөрчлөх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг уг төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн үндсэн арга зүйг ашиглаж үнэлэх, үр дүнг хангахад чиглэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлээгүй тул Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан.

Зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Dobu.mn сайт “Хууль төрөхийн өмнө” буландаа энэ удаа Монгол Улсын 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийн төслийг онцолж байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтод үндэслэн боловсруулжээ.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүрэн тусгаж, хэрэгжүүлэхээр заасан байна.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6-гаас дээш хувьд тогтвортой хадгалах, Засгийн газар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар төлөвлөж хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлтийг хязгаарлах, төсвийн үр ашгийг эрс дээшлүүлж, бодлогын орон зайг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Монголбанк инфляцыг зорилтот түвшинд тогтвортой хадгалахад мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах, цаашид инфляцын зорилтот түвшнийг үе шаттай бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтлахаар тусгасан байна.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд тусаагүй төсвийн ерөнхийлөн захирагч болон хөтөлбөрийн үр дүнг сайжруулах үндсэн үйл ажиллагаа болон үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг төсвийн зардлын хязгаарт багтаан төлөвлөж, хэрэгжүүлэх аж.

Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын 2.3-т заасныг үндэслэн 2025 онд “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” хүрээнд дараах бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ. Үүнд:

Нэг. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого

  • Гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлнэ.
    • Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрүүдийг байгуулж, экспортын зах зээлийг өргөжүүлнэ.
    • Гадаад худалдааны процесс, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг хялбаршуулан, шаарддаг гэрчилгээ, зөвшөөрөл, бичиг баримтын тоог боломжит хамгийн бага түвшинд хүртэл бууруулж, “Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, гадаад худалдааг хөнгөвчилнө.
  • Хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлнэ.
    • “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж, аравтын системийн бүтцээр хоршоолохыг дэмжинэ.
    • Хөдөө аж ахуй салбарт малчид хоршоолох замаар мах, сүү, арьс шир боловсруулах цех байгуулах, ажлын байрыг сум бүрд нэмэгдүүлэхийг дэмжинэ.
    • Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно.
    • Худаг гаргах, ногоон тэжээл тариалах, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
    • Малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг ил, тод болгож, малчдад тайлагнадаг процессыг сайжруулна.
    • Бороо, гадаргын усыг хуримтлуулах жижиг нуур, цөөрмүүд байгуулж, гадаргын усжуулалтын систем хөгжүүлэн, бэлчээрийн даацыг нэмэгдүүлнэ.
    • Эрчимжсэн болон хагас эрчимжсэн аж ахуй, малын тэжээлийн үйлдвэрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд уялдуулан байгуулахыг бодлогоор дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ.
    • Мал, амьтны тандалт, хяналт үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлж, өвчний тархалтыг хязгаарлан, дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын тайван бүсийн үзүүлэлтийг бүсчлэн тогтоож, тогтвортой хадгалах, эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай малын биобэлдмэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
    • Малын чанар, үүлдэр сайжруулах судалгаа, шинжилгээг хувийн хэвшлийн байгууллагуудын зах зээлийн шаардлагатай уялдуулан, бизнесийн зарчмаар хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
    • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилсан тариалангийн газар, усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
    • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
    • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог бүсчлэн байгуулж иргэдийг хямд, чанартай мах, сүү, хүнсний ногоогоор хангана.
    • Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага, стандартыг нэмэгдүүлж, эрүүл, чанартай хүнс хэрэглэх тогтолцоог сайжруулна.
    • Хөдөө аж ахуйн салбар дахь татаас, дэмжлэгийг боловсруулах шатны үйлдвэрлэл рүү чиглүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
    • Худалдааны түнш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
    • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг цуцалж, бүх боомтоор экспортолно.
    • Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хувийн хэвшилд нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчийн олон хэлбэр, өрсөлдөөнийг дэмжинэ.
    • Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж уургийн агууламж өндөр түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
    • Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ.
    • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг хагас болон гүн боловсруулах, инновац, технологи шингэсэн “ЦАГААН АЛТ” хөнгөн үйлдвэрийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилтийг хийнэ.
    • Хөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэх хүрээнд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлнэ.
    • Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
    • Ашигт малтмалын салбарын ил тод байдлыг хангаж, уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжина.
    • Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгоно.
    • Үндэсний баялгийн сангийн тогтолцоог боловсронгуй болгоно.
    • Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулна.
    • Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлнэ. (Газрын тосны үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр болон ураны олборлолт, хүдрийн баяжмал, барилгын материал).
    • Уул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.
  • Боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгоно.
    • Экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх авто зам, төмөр зам, төмөр замын холболтын төслүүдийг үргэлжлүүлж, экспортын тээврийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
    • Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон “ТАВАН ТОЙРОГ” автозамын төсөл хэрэгжүүлнэ.
    • Улс хоорондын ачаа, автотээврийн мэдээллийн нэгдсэн цахим санг олон улсын жишигт хүргэн хөгжүүлнэ.
    • Төмөр замын тээврийн үнэ, тарифыг зах зээлийн зарчимд нийцсэн, шударга, үр ашигтай болгох бодлого үргэлжлүүлнэ.
    • Эдийн засгийн хөндлөн, босоо тэнхлэгийн хилийн боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
    • Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, ажлын цагийг уртасган, зарим боомтын тээвэрлэлтийг 24 цагийн горимд шилжүүлнэ.
    • Боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, ачаа тээврийн бүртгэл, гаалийн хяналт шалгалтыг автоматжуулж, рентген, камер, автомат хаалга, автомат жин, шинжилгээний төхөөрөмжийг суурилуулан боомтын “Ухаалаг гарц”-ыг ашиглалтад оруулна.
    • Аймаг, сумын төвүүдэд хуурай боомт байгуулж, орон нутагт гаалийн бүрдүүлэлт хийдэг болно.
    • Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулагт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.
    • Шуудан хүргэлтийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, хүргэлтийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлнэ.
  • Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.
    • Эрчим хүчний өртөг шингэсэн тарифыг үе шаттайгаар бий болгож, салбарыг санхүүгийн хувьд бие даасан салбар болгож, зах зээлийн тогтолцоонд шилжүүлнэ.
    • Сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай тогтолцоог нэвтрүүлж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.
    • Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.
    • Ердийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.
    • Бие даасан, тархмал дулааны эх үүсвэрийг байгуулж, дулааны өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангана.
    • Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
    • Эрчим хүчний дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөн шинээр байгуулж, эрчим хүчний найдвартай байдлыг хангана.
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлнэ.
    • Түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүсийг байгуулна.
    • Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлтийн цахим шилжилтийн хүрээнд дэвшилтэт технологийг (AR, VR, MR, 3D) ашиглаж, “Цахим соёл II”, “Соёлын эрхийн бичиг” системийг нэвтрүүлнэ.
    • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ /тусгай сонирхлын, хил орчмын/
    • Монгол орны онцлог, өв уламжлалыг олон улсын экспо, маркетинг, зар сурталчилгаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа, арга хэрэгслээр дамжуулан дэлхийд сурталчилна.
    • Монголын нүүдлийн соёл, орон нутгийн онцлогт тохирсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанар, дизайныг сайжруулан орон нутагт орох орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
    • Аялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ногоон зээл, худалдааны сувгуудаар дэмжиж, өөрийн орны иргэд, гадаадын жуулчдад үзүүлэх, борлуулах нөөцтэй болгоно.
    • Агаарын тээврийн либералчлахыг үргэлжлүүлж, орон нутгийн болон олон улсын нислэгийн тоо, чиглэл, давтамжийг нэмэгдүүлнэ.
    • Орон нутгийн Чойбалсан, Ховд, Мөрөн нисэх буудлыг 4С, Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгох төслийг үргэлжлүүлнэ.
    • Визний хөнгөлөлтийг үргэлжлүүлж, түр чөлөөлсөн улсуудын визийг бүрэн чөлөөлнө.
    • Аялал жуулчлалын гол чиглэл, олон улсын авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулна.
    • Аялал жуулчлалын авто зам дагуух зорчигч үйлчилгээний цогцолбор, амрах талбайг нэмэгдүүлнэ.
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.
    • Соёлын биет болон биет бус өвийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хатуу, зөөлөн дэд бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
    • Өөрийн орны өвөрмөц онцлог, нөөц, олон улсын чиг хандлага, технологийн хөгжилтэй уялдсан, мэдлэгт суурилсан бүтээлийг дэмжиж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

Хоёр. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого

  • Үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулж хэрэгжүүлнэ.
    • “Миний анхны байр”, “Миний түрээсийн байр”, “Миний амины сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний ажилтан орон сууцтай” багц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангана.
    • Орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.
    • Нийслэл, орон нутагт ипотекийн санхүүжилтийг хүртээмжтэй болгоно.
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлнэ.
    • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, эрт илрүүлгийг эрчимжүүлнэ.
    • Цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэгтгэн уялдуулж, үр ашгийг дээшлүүлнэ. /өвчний түүх, эмчилгээний түүх, эмчийн онош, жорын нэгдсэн өгөгдлийн систем/
    • Дасгал хөдөлгөөн, эрүүл, зөв хооллох, өвчнөөс урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ.
    • Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлнэ.
    • Эрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлж, даатгуулагч өөрт хэрэгцээтэй багцыг сонгодог тогтолцоонд шилжинэ.
    • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулна.
    • Дотоодод худалдаалж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлнэ.
    • Эмийн чанар, үнэ, аюулгүй байдал, үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авах, хянах боломжийг бүрдүүлсэн health.gov.mn цахим системийн хэрэглээг өргөжүүлнэ.
    • Эмийн чанар баталгаажуулах өндөр технологид суурилсан лавлагаа лаборатори байгуулна.
    • Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, нийтийн биеийн тамирын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
    • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт ба нөхөн сэргээх төв” барих төслийг эхлүүлнэ.
  • Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэнэ.
    • Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийж, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын бүлэг дүүргэлтийг зохистой түвшинд хүртэл бууруулж, тэгш хамран сургах орчныг бүрдүүлнэ.
    • Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, англи хэлний сургалтыг үе шаттай нэвтрүүлнэ.
    • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролд үе шаттайгаар нэвтрүүлнэ.
    • Бүх түвшний сургалтын байгууллагын багшийг чадваржуулах, хангалтыг нэмэгдүүлэх багшийн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлнэ.
    • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад бүсийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Коосен, BTEC загварын сургалтыг цогц байдлаар үе шаттай нэвтрүүлнэ.
    • Хөдөлмөрийн зэх зээлийн тоон болон ур чадварын эрэлтэд нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэх чиглэлээр салбар дундын дадлагын баазыг томоохон аж ахуй нэгжтэй хамтран байгуулна.
    • Судалгааны их сургуулийг хөгжүүлж, судалгаа, шинжилгээний бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна.
    • Хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр цахим шилжилтийг эрчимжүүлнэ.
  • Нийгмийн баталгааг сайжруулна.
    • Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
    • Нийгмийн даатгалын тогтолцоог хуримтлалын сангийн тогтолцоонд шилжүүлэх хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг иргэн бүрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.
    • Иргэн бүрийн нэрийн дансыг байгалийн баялгийн үр өгөөжөөр мөнгөжүүлэх ажлыг эхлүүлнэ.
    • Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг сайжруулж, сум, хороо бүрд гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын нийгмийн ажилтантай болгоно.
    • Иргэдийн оролцоотой хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана.
    • Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг нэвтрүүлж, судалгаа суурьтай нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.
    • Малчдын орлогын эх үүсвэртэй уялдуулж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. НДШ-ийг сар бүр төлөхгүйгээр жилдээ багтаан төлөх, хувааж төлөх, нөхөж төлөх зохицуулалтыг хийнэ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүрд зориулан оновчтой хэрэгжүүлнэ.
    • Халамжийн олон төрлийн бодлогын давхцалыг арилгаж, зорилтот бүлэгт чиглүүлнэ.
    • Зайнаас болон цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтыг бий болгон иргэн бүр цалин хөлстэй ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.
    • Ажлын байранд дадлагажих боломжийг нэмэгдүүлэх замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
    • Өндөр настны ажлын байрыг бодлогоор дэмжинэ.
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого баримтална.
    • Оюутны цагаар хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журмыг сайжруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, цагийн ажлын зуучлалыг E-Student цэсээр дамжуулна.
    • Төгсөгчдөд зориулан “Хийнгээ суръя – Орлого олъё – Хэмнэе” загвараар хөдөлмөрийн ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлнэ.
    • Урт хугацаанд ажил завсардсан болон эх орондоо буцаж ирсэн иргэдэд ур чадвар эзэмшүүлэх, мэргэшлийн зэрэг, гэрчилгээ олгох үйл ажиллагааг дэмжинэ.
    • Асрахуйн эдийн засгийн хөгжлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн эко системийг бүрдүүлж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг асрамжилж буй иргэний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.
    • Ажлын байрыг шинээр бий болгосон бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжинэ.
    • Ажлын байрыг нэмэгдүүлэх жижиг, дунд бизнесийг дэмжих зээл, зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулан үйл ажиллагааг нь хялбаршуулж, хүртээмжтэй, ил тод болгоно.
    • Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
    • Үндэсний өв уламжлал, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёл шингээсэн хөтөлбөр, уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжиж, соёлын боловсролтой, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх “Бүх нийтийн соёлын боловсрол-II” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    • Төр-иргэний хамтын ажиллагааны түншлэлд үндэслэн соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг хамгаалан, хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ.
    • Урлагийн бүтээлээр дамжуулан нүүдлийн соёл иргэншилт язгуур урлагийг хадгалан, хамгаалж, хүн төрөлхтний соёлын ололттой хослуулан ижилсэл, ондоошлыг илэрхийлсэн олон улсад өрсөлдөх чадамжтай авьяаслаг, бүтээлч монгол иргэнийг төрөөс дэмжин хөгжүүлж, “Монгол урлаг дэлхийн тайзнаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
    • Үндэсний түүхэн болон уран барилгын дурсгалуудыг сэргээн шинэчилж, хамгаалан ирээдүйн үнэ цэнийг бий болгоно.
    • Спортын өндөр амжилтыг дэмжихэд чиглэсэн спортын арга хэмжээ зохион байгуулна.

Гурав. Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого

  • Төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгоно /ухаалаг “E-Mongolia”, AI шинэчлэл – Цахим засаглал/.
    • Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн шат дамжлагыг бууруулж, иргэд, бизнест төвөггүй, хялбар үйлчилгээг үзүүлнэ.
    • Төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хиймэл оюуны тусламжтайгаар хүний оролцоо, хүнд сурталгүй “Ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлнэ.
    • Үндэсний хиймэл дагуул хөөргөх суурь нөхцөлийг бүрдүүлж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжинэ.
    • Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгалын технологиудыг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд нэвтрүүлэх суурь судалгааны ажлуудыг санхүүжүүлж, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ /хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, blockchain, ухаалаг бот, IoT/.
    • Аливаа контентын жинхэнэ эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн нэр хүндэд халдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх системийг бий болгоно.
    • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартыг иргэн, аж ахуй нэгжид төлбөртэй олгохыг больж, цахимаар нээлттэй, ил тод хүргэнэ.
  • Шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлнэ.
    • Мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөнөөр нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
    • Эрдэмтдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оновчтой шийдэл, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжинэ.
    • Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
    • Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн үр дүнг практикт нэвтрүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    • Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг шинжлэх ухаан, инновац технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
    • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулах ажлыг эхлүүлнэ.
    • Хил дамнасан онлайн худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлж, олон улсын төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулна /“Apple pay”, “Google pay”, “Paypal”, “Stripe”/.
  • Хүний эрхийн баталгааг хангана.
    • Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна.
    • Цахим орчин дахь ялгаварлал, хүчирхийлэл, тэгш бус байдлыг бууруулж, хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.
    • Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг дэмжинэ.
    • Төрийн шийдвэр гаргалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандаж, хүний эрхийг зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй.
    • Зайлшгүй шаардлагатай асуудлаар хяналт шалгалт хийх “Нээлттэй сонсгол”-ыг тогтмол зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангана.
    • Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
    • Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлнэ.
    • Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны орчин нөхцөлийг сайжруулна.
  • Хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлнэ.
    • Шүүхийн процессыг цахимжуулж, хэрэг хянан шийдвэрлэх явцыг ил тод болгож, маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэдэг болгоно.
    • Шүүхийн дата төвийн хүчин чадлыг сайжруулна.
    • Шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дундын төв байгуулна.
    • Шүүхийн байгууллагыг шаардлагатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангана.
    • Шүүхийн байрыг стандартад нийцүүлнэ.
    • Шүүх шинжилгээний дүгнэлтийн чанарыг дээшлүүлнэ.
    • Иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулна.
    • Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн шалгах тусгай нэгжийг сэргээж, шүүгч, прокурор, мөрдөгч, цагдаа зэрэг тусгай субъектийг шалгах тогтолцоог бүрдүүлнэ.
    • 5Ш ажиллагааг үргэлжлүүлж, авлигачдын төр, нийгэмд учруулсан хохирлыг эргэн төлүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шууд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
    • Авлигыг мэдээлэх тогтолцоог хялбаршуулах, мэдээлэгчийн эрхийг хамгаалах, учирсан хохирлыг төлүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.
    • Бүх нийтээр авлигатай тэмцэх, шударга бус зүйлийг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлнэ.
    • Санхүүгийн хориг, арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт, Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт”-д орохоос сэргийлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, сайжруулна.
  • Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангана.
    • Төрийн албаны хүний нөөцийн менежментийг сайжруулна.
    • Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ.
    • Сурлагын өндөр амжилттай, бакалаврын сургалтын төгсөгчийг төрийн албанд дадлага хийлгэх тогтолцоог сайжруулан, төрийн албаны хүний нөөцийг бэлтгэнэ.

Дөрөв.  Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого

  • Бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлана.
    • Бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хүний оролцоо, хүнд суртлыг арилгана.
    • Гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.
    • Төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дарааллыг тогтоож, иргэн, аж ахуйн нэгж бизнес, хөрөнгө оруулалтаа төлөвлөх боломжийг нэмэгдүүлнэ.
    • Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үр өгөөжийг сайжруулж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэн, үе шаттайгаар хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж ил тод, олон нийтийн болгоно.
  • Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.
    • Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ.
    • Засгийн газрын өрийн зохистой түвшний үзүүлэлтүүдийг тогтмол хадгалж, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх замаар хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгоно.
    • Бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх цогц үйлчилгээг тогтворжуулна.
    • Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах механизмыг тогтворжуулна
  • Банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж зээлийн хүүг бууруулна.
    • Банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулна.
    • Гаднын хөрөнгө оруулалттай урт хугацааны даатгалын компаниудыг дэмжиж, давхар даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, даатгалын зах зээлийг өргөжүүлнэ.
    • Иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах хүрээнд даатгалын салбарын хууль эрх зүйн реформыг хийж, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлнэ.
    • Санхүүгийн салбарт санхүүгийн систем, дижитал төлбөр тооцоо, бизнесийн үйлчилгээг дэмжих шийдлүүдийг нэвтрүүлнэ.

Тав. Ногоон хөгжлийн бодлого

    • Ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжинэ
      • Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлнэ.
      • Хүлэмжийн хийг бууруулах стратегийг утаа, эрчим хүч, өрхийн халаалтын шийдэл, цөлжилт зэрэг тулгамдсан асуудлууд руу чиглүүлж, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
      • Үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг хийх аргазүйг сайжруулна.
      • Байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэр, технологийг хөгжүүлэн, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
      • Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий амины болон нийтийн орон сууц, дэд бүтцэд олгох ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
      • Ногоон хэрэглээг нэмэгдүүлэх бодит хөшүүргүүдийг үе шаттай бий болгож, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад шилжүүлнэ.
  • Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангана
    • Зүүн Азийн улс орнуудтай хамтран “Шар шороон шуурга”-ны нүүдлийг зогсоох, цөлжилтийн эсрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
    • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулахад ухаалаг, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
    • Газар ашиглагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж, цөлжилт, газрын доройтлыг бууруулна.
    • Усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж, усны чанар, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ
    • Байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах 14 хөв цөөрөм, далд усан санг байгуулж, ард иргэд, мал аж ахуй, зэрлэг амьтан, үйлдвэрлэлийн ус хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
    • Уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын ундны гүний усны нөөц ашиглалтыг хязгаарлаж, гадаргын ус ашиглахыг дэмжинэ.
    • Бэлчээрийн мал аж ахуйд зохистой сүргийн бүтэц, ашиг шимт байдал, байгальд ээлтэй мал маллах зөв дадлуудыг нэгтгэсэн стандартыг нэвтрүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулна.
    • Гэрээний дагуу даацаа хэтрүүлээгүй, зөв зохистой маллаж, бэлчээр хамгаалж байгаа малчдыг бага хүүтэй ногоон зээлд хамруулах боломжийг банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бүрдүүлнэ.
    • Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
    • Биологийн олон янз байдлыг хамгаална. 

Зургаа. Бүсчилсэн хөгжлийн бодлого

    • Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.
      • Орон нутгийн хөрөнгө оруулалт болон хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилан төлөвлөж, эдийн засгийн баталгааг хангах томоохон мега төслүүдийг эхлүүлнэ.
      • Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
      • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгоно.
      • Бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтөд нийцсэн экспортын хөнгөн үйлдвэрийн кластерыг хөгжүүлж, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгоно.
      • Бүс, орон нутгийн үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэхэд татварын бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирэхэд татвараас хөнгөлнө.
      • Эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт зэрэг хүний хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж, газар олгох, дэд бүтэцтэй холбох асуудлыг төр хариуцна.
      • Олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграцид дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр холбогдож, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
      • Бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулна.
  • Орон нутгийг байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурлан дараах тэргүүлэх чиглэлээр бүсчлэн хөгжүүлнэ.

Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл: Дэлхийн байгалийн өв болох Дагуурын ландшафт болон Хан Хэнтий, Дорнод Монголын талын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж чадсан, байгальд ээлтэй ногоон технологи бүхий уламжлалт ба эрчимжсэн хөдөө аж ахуй, түүх соёлын өвд суурилсан аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологид суурилсан хариуцлагатай уул уурхай, хүнд аж үйлдвэрлэлийн бааз суурь бүрэлдсэн, зүүн хойд азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоотой, тээвэр логистикийн цогц систем бүхий, шинжлэх ухаан, инновацын төвийг хөгжүүлсэн бүс нутаг болж хөгжсөн байна.

Говийн бүсийн тэргүүлэх чиглэл: Тээвэр-логистикийн сүлжээ, зангилаа бүрдүүлэх замаар хөрш орны эрчимтэй хөгжиж буй бүс нутгуудтай эдийн засгийн интеграцид нэгдэнэ. Говийн бүсийн байгаль, түүх соёл, палеонтологийн үнэт өв сангийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, өндөр технологи, инновацад суурилсан, хариуцлагатай уул уурхай, орчин үеийн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр үндэсний хуримтлал, баялгийн санг бүрдүүлэгч гол бүс нутаг болно.

Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл: Байгаль, түүх соёл, археологийн үнэт өв санд тулгуурласан аялал жуулчлал, амралт рашаан сувилал, ногоон технологи бүхий уламжлалт ба эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн кластер хөгжүүлнэ. Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын улс төр засаг захиргааны шинэ төв – Шинэ Хархорум хотыг байгуулна. Шинэ Хархорум хотод сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хотхоныг байгуулна.

Баруун бүсийн тэргүүлэх чиглэл: Байгалийн унаган төрх, олон үндэстэн ястны түүх, ахуй соёлын баялаг өв санд тулгуурласан эко ба тусгай сонирхлын аялал жуулчлал, байгальд ээлтэй ногоон технологид суурилсан уламжлалт мал аж ахуй, түүхий эдэд суурилсан үйлдвэрлэл, жимс жимсгэнийн тариалан, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлнэ. Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны идэвхтэй оролцоотой, дорно–өрнийг холбосон олон улсын тээвэр логистикийн зангилаа, хил орчмын худалдаа, үйлчилгээг хөгжүүлсэн бүс болгон хөгжүүлнэ.

Хойд бүсийн тэргүүлэх чиглэл: Дэлхийн шим мандлын сүлжээний бүрэлдэхүүн-Хөвсгөл нуур, Сэлэнгийн савын эко системийн байгалийн унаган төрх, түүх, ахуй соёлын баялаг өв санд тулгуурласан, эко ба өвлийн аялал жуулчлал, амралт сувиллын кластер, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлсэн бүс болгон хөгжүүлнэ. Орчин үеийн өндөр технологийн хот Эрдэнэт хотыг хөгжүүлнэ.

Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл: Төвийн бүсийг Ази-Европын эдийн засаг, соёл, байгаль орчны асуудлуудад чухал үүрэгтэй, олон улсын эдийн засгийн коридор, тэнхлэг бүхий, хүн ам, нийгэм эдийн засгийн хэт төвлөрлийг саармагжуулсан, шинжлэх ухаан, инновац, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтэцтэй, хүнс, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийн кластер хөгжүүлнэ.

Долоо. Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого

    • Улаанбаатар хотын засаглалыг сайжруулна.
      • Одоогийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр 9 дүүрэг, 213 хороог хүн амын зохистой харьцаа, төвлөрлийг харгалзан шинэчлэн зохион байгуулах замаар Улаанбаатар хотын Бага тойрууд төвлөрсөн төрийн үйлчилгээг анхан шатны 42 нэгжид бүсчлэн байршуулж, иргэдийн нийгмийн үйлчилгээг “20 МИНУТЫН ЗАЙ”-д багтаан авдаг стандарт бүхий цогц реформыг хэрэгжүүлнэ.
      • Хотын стандарт, хот төлөвлөлтийн хуулийг шинэчлэн баталж, хот төлөвлөлтийн дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлагыг чангатгана.
      • Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг зааглана.
      • Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.
      • Хууль бусаар олгосон газрыг төрд буцаан авах, нийтийн эзэмшлийн газар, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг буулгах ажлыг үргэлжлүүлж, уг газарт ногоон байгууламж барина.
      • Алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг хангах, хотын хөдөлгөөн хязгаарлаж буй хашаа, хаалтуудыг үргэлжлүүлэн буулгана.
      • Гудамж талбай, нийтийн эзэмшлийн гэрэл гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүчтэй холбогдсон хэмнэлттэй, ухаалаг системээр үе шаттай шинэчлэл хийнэ.
      • Улаанбаатар хотын төв, хүм ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.
  • Түгжрэлийг бууруулна.
    • Улаанбаатар хотын автозамын сүлжээний ачааллыг бууруулж, Туулын авто замыг Нисэхийн хурдны автозамтай холбож наадамчдын автозам дээгүүр гүүрэн байгууламж барина.
    • Сэлбэ-Сэргэлт төслийг хэрэгжүүлэх, явган хүний замын бүрэн төлөвлөлтийг хийх замаар авто замын ачааллыг бууруулна.
    • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нийтийн тээврийн санхүүжилтийн тогтолцоо, нийтийн тээврийн чиглэл, хуваарилалтыг бүрэн оновчтой болгоно.
    • Метро буюу их багтаамжтай нийтийн тээврийн бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ.
    • Хотын бүх чиглэлд дугуйн замыг шинээр барих ажлыг эхлүүлнэ.
    • Нийслэлийн замын хөдөлгөөний иж бүрэн ухаалаг системийг нэвтрүүлж, хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ.
  • Төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулна.
    • Шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна.
    • Хөшгийн хөндийн дагуул хотод төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангана.
    • Гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг байгуулна. /Сонгинохайрхан, Хан-Уул/
    • Сэлбэ, Баянхошуу дэд төвийн цогц бүтээн байгуулалтын хүрээнд төрийн байгууллага, худалдаа үйлчилгээ, их дээд сургууль, соёл, спортын цогцолборыг байгуулах, шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
    • Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
    • Хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болох боломжийг бүрдүүлнэ.
    • Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд олон улсын ачаа тээврийн терминал, дэд төвүүдэд 50000 тонн багтаамжтай хүнсний агуулах барих төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлнэ.

Найм. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх

    • Нэгдмэл гадаад бодлогыг бэхжүүлнэ.
      • Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангах “Нэг цонх – Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлнэ.
      • Хүчирхэг Монгол паспорт: Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлнэ.
      • Бусад улстай хоёр талт болон олон талт олон улсын гэрээ байгуулах замаар хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчилнө.
  • Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.
    • Цэргийн зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн зэвсэг, техникийг дотооддоо үйлдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.
    • Улсаа хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлнэ.
    • Төрийнхөө энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод хувь нэмрээ оруулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах үйлсэд Зэвсэгт хүчний оролцоог тогтвортой хадгална.
    • Хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
    • Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг боловсронгуй болгоно.
    • Цэрэг, эх оронч үзэлд суурилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог шат дараатай нэмэгдүүлж, хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжил, ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
    • Монгол Улсын аюулгүйн нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий агуулахын цогцолборыг барина.
  • Орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгоно.
    • Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлнэ.
    • Улсын болон орон нутгийн онцгой комисс нь зөвхөн гамшгийн зэрэглэл тогтоох, үүссэн нөхцөл байдалд гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх стратегийн шийдвэр гаргах, онцгой байдлын алба, нэгж нь шийдвэр хүлээлгүй төлөвлөгөөг түргэн шуурхай хэрэгжүүлэх тогтолцоонд шилжинэ. Гамшгийн үеийн тушаал, шийдвэр гаргах механизмыг тодорхой болгоно.
    • Онцгой байдлын үеийн бэлэн байдлыг орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан тоног төхөөрөмжөөр хангана.
    • Гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг орчин үеийн техник, технологиор бүрэн хангаж, гамшгийн үед аврах чадавхыг бэхжүүлнэ.
    • Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсүүдэд далан, суваг, шугам сүлжээг шинээр барих болон өргөтгөн, шинэчилнэ.
    • Хот, суурин газарт хөрс, усны чанарын олон улсын стандартыг нэвтрүүлж, бохирдуулагч эх үүсвэрийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    • Олон нийтийг хамарсан халдварт өвчин, цар тахал, байгалийн гамшиг зэрэг аюулыг эрсдэлгүй даван туулахад бэлдэж, нэгдсэн стратеги бүхий цогц эрсдэлийн менежментийг шинэчлэн баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлнэ.
    • Байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж, радарын станц байгуулна.
    • Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гаднын сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
    • Иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагад нисэхийн нэгж байгуулна.
    • Эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын нэгдсэн системийг бий болгоно.
    • Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлнэ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Good day very cool web site!! Man Excellent Superb I’ll bookmark your web site and take the feeds additionally…I am glad to find a lot of useful information right here in the put up, we want develop more strategies in this regard, thanks for sharing

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу