Нээлттэй нийгэм форум (ННФ)-аас Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдэд Улсын төсвийн шинэчлэл, өөрчлөлт, хэрэгжилт, төсөвтэй холбоотой хүлээгдэж буй хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ННФ-ын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-Төсөвтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөл цаг тухай бүрд нь дүгнэлт, зөвлөмж гаргадаг. Сүүлийн үед ямар дүгнэлт, зөвлөмж гараад байна вэ?

-ЭЗХЯ 2025 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт, зөвлөмж гаргасан. Түүнээс харахад, орлогын төсөөлөл өндөр, өөдрөг хэвээр байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын геополитикийн эрсдэлийг нэлээн харгалзан авч үзэх хэрэгтэй гэж гарсан.

Манай улс эдийн засгийн өсөлтөө өөдрөгөөр төсөөлсөн. Ингэснээр төсвийн орлогыг мөн өөдрөгөөр төсөөлөх боломжтой болж, зэрэгцэн зарлагаа нэмэгдүүлж, нэгдсэн төсвийг алдагдалтай байдлаар төсөөлсөн. Төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй байна. Хуримтлагдсан алдагдал нэлээн өндөр байгаа үед энэ нь чухал юм.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд аль бүсийг, ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хөрөнгө оруулах, мөн тэндэх хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь илүү үр дүн, өгөөжтэй.

-Төсвийн төслийг өмнө нь Сангийн яам боловсруулаад, өөрөө захиран зарцуулах эрхтэй явдаг байсан бол одоо ЭЗХЯ боловсруулаад, Сангийн яам түүнийг нь хянаж гүйцэтгэх нь. Үүний давуу тал нь юунд байх вэ?

-Төсвийн хүрээний мэдэгдлийг ЭЗХЯ илүү эдийн засгийн тооцоо, судалгаатай боловсруулж гаргана. Энэ нь сайн талтай, нэлээн ач холбогдолтой юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг өмнө нь Улсын төсвийн төслийг өргөн барихдаа шууд цуг оруулдаг байсан. Үүнийг Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр зогсоохоор болсон. Төсвийн төслийг өргөн барихаас 3 сарын дотор төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан нь нааштай заалт болж байна.

Жишээ нь, төсвийн төслийг өргөн барихаас 3 сарын дотор төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан нь нааштай заалт болж байгаа. Ингэснээр Засгийн газар төсвөө төсвийн төслийн мэдэгдлээ өрийн болон хөрөнгийн таазанд тохируулан боловсруулж байхаар заасан. Энэ нь төсвийн сахилга батыг хангахад ч чухал, ач холбогдолтой юм. Ер нь Төсвийн тухай хуулийн гол гол заалтын хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна.

-Бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтыг яаж хуваарилдаг вэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх бодлого нэгдсэн байдлаар явах ёстой байдаг. Бусдаар төсвийг олон тал руу цацах нь тийм ч оновчтой бус. Тооцоо, судалгаа тааруу төслийн хөрөнгө оруулалтыг оруулах нь үр ашиггүй байх нь мэдээж. Харин бүсчилсэн хөгжлийн хүрээнд аль бүсийг, ямар чиглэлээр хөгжүүлэх гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хөрөнгө оруулах, мөн тэндэх хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь илүү үр дүн, өгөөжтэй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу