Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдсан. Есөн цаг хуралдсаны эцэст гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзжээ. 

Энэ талаар Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороо гаргалаа. Энэ нь гурван гишүүний гэм буруутайг тогтоох гэж байгаа зүйл биш. Энэ бол хууль хяналтын байгууллага мөрдөн байцаах ажиллагаагаа түргэн шуурхай явуулах боломжийг хангаж байгаа хэрэг. 

Мөрдөн шалгах ажлыг түргэн шуурхай явуулаад гэм буруутайг нь бүрэн тогтоолоо гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдлоо гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг аль болох түргэн хугацаанд УИХ-д оруулж ирэх талаар зөвлөмж, саналыг Ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагуудад өглөө. 

Гурван гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу