Гэр хорооллын давчуу хашаанууд эхнээсээ цэгцэрч, сэлүүхэн болжээ. Газар шороо, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй тул шороо хуйларч, машин техник “холхиж” харагдана. Өнгөрсөн жилүүдэд зуслан чиглэсэн хөдөлгөөнийг саармагжуулах зорилгоор гол дагуулан шинэ зам тавьсан.
“Зам дагаж хөгжил” гэдэг шиг том, бага нийлсэн цөөхөн хүн суух саравч, сагсан бөмбөгийн талбай харагдана. Арваад жилийн өмнө энэ хэсэгт тоглоомын талбай битгий хэл машин зам ч үгүй байлаа. Өнөөдөр сургууль, цэцэрлэг, шинэ эмнэлэг зэрэг “сүндэрлэж”, эмх цэгцэндээ оржээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван га талбай бүхий, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зориулалттай, дугуйн зам, спорт талбайтай Цэцэрлэгт хүрээлэн-спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Тус дүүргээс гэр хорооллын хамгийн эрс тэс бүсэд оршдог тухайн хороонд сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн бүтээн байгуулалтыг шийдвэрлэсэн бол энэ удаад шинэ Цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавив.
Ажлын гүйцэтгэгчээр барилга бүтээн байгуулалтын салбарын 12 жилийн туршлагатай “Билгүүн Монгол Констракшн” шалгарсан байна. Тус компанийн хамт олон Чингис хааны музейн бүтээн байгуулалтыг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Сүхбаатар дүүргийн 13-р хороо Сэлбэ голын эрэг дагуу байрладаг. Зундаа намаг ихтэй, өвөлдөө халиа тошин ихэсдэг гэхчилэн эрс тэс орчинтой. Харин “Билгүүн Монгол Констракшн” барилгын талбай болон хүрээлэнгийн зам, талбайн хөрсийг бүрэн сольж, ус нэвчихгүй, өвөлд овойхгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээ иргэдэд амалсан юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Энэ дүүргийн 145 мянган иргэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар дутагдаж ирсэн
-Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эхлүүлж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын нэг нь энэ юм. Тэмцээн, уралдаан зохион байгуулах бүрэн бололцоотой, иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэхээр, хоёр үе шаттайгаар энэхүү ажлыг эхлүүлсэн.
Нийслэлийн иргэдийн хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хүрэлцээ хамгийн муу. Бүх насныханд агаарт гарах, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар энэ дүүргийн 145 мянган иргэнд дутагдаж ирсэн. Тиймээс ч энэхүү ажлыг эхлүүлэх маш олон хүсэлт ирдэг байсан. Энэ удаад төсөв хөрөнгийг амжилттай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.
“Билгүүн Монгол Констракшн”-ийн Ерөнхий инженер н.Батболд: Судалгааны дагуу төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэнэ

-Хоёр блок бүхий 50 000 мкв талбайтай цогцолбор, 150 мянган машины зогсоол, 1.7 га газарт ногоон байгууламжтай бүтээн байгууламжийн ажлыг эхлүүлэхээр шав тавилаа. Манай зүгээс 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллана. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх бүтээн байгуулалт хийж байгаадаа маш их баяртай байна. Судалгааны дагуу төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэнэ. 

Дүүргийн хүүхэд залуус, нийтийн биеийн тамираар хичээллэх, түүнчлэн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахад заал, гадна талбайн асуудал үргэлж гардаг тул орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг хэрэгжүүлэхээр шийджээ. Өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад иргэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Иргэн Д.Отгон: Хойч үедээ их сайхан бүтээн байгуулалт хийж үлдээж буйд маш их баярлаж байна

-Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэд болон хойч үедээ их сайхан бүтээн байгуулалт хийж үлдээж буй явдалд маш их баярлаж байна. Ахмад настан бид яах вэ гэж бодоход бидний үр хүүхэд, тэдний маань үр хүүхдэд үлдэх ажил эхлүүлж байгаа Х.Болормаа даргад баярлалаа гэж хэлье.

159-р сургуулийн сурагч Б.Энхцацрал: Гол дагуу зарим нэг саад, сүүдрэвчид хааяа найзуудтайгаа суудаг
-Сургуулийн орчноос өөр чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бараг байхгүй гэж болно. Гол дагуу зарим нэг саад, сүүдрэвчид хааяа найзуудтайгаа суудаг. Мөн анги хамт олноороо спорт тэмцээн, урлагийн үйл ажиллагаанд оролцохоор бэлдэхэд гадна талбай маш их хэрэг болдог. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын ажил эхэлж байгаад сэтгэгдэл маш өндөр байна.
Иргэн Л.Баяр-Эрдэнэ: Хүндхэн орчинд аж төрдөг иргэдийн асуудлыг дүүргийн удирдлага анхааралдаа авч ажиллаж байгаа нь сайшаалтай

-Манай хорооны хувьд хөрсний ус ихтэй, мөн нэлээд бохирдолтой. Өвөл, зундаа ч тэр хүндхэн нөхцөлтэй бүс нутаг. Ийнхүү хүндхэн орчинд аж төрдөг иргэдийн асуудлыг дүүргийн удирдлага анхааралдаа авч, тууштай ажилласны үр дүнд хороондоо сургуультай, цэцэрлэгтэй, эмнэлэгтэй болсон.

Өнөөдөр хүрээлэнтэй болох ажил эхэлж байгаад 60 гаруй жил энд амьдарсан миний бие маш их баяртай байна. Хүүхэд багачуудад тоглож наадах орчин бараг байхгүй байсан. Харин сүүлийн жилүүдэд замтай болсон, түүнийг дагаад олон бүтээн байгуулалт хийгдэж байна. Үр хүүхэд маань цаашид илүү аюулгүй, сайхан орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. 

Гурван га талбайн 70 орчим хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байх юм байна. Гэр хорооллын бүс дундаа гол устай ойрхон, мод ургамал ургахад хамгийн тохиромжтой газар учир давуу талтай аж.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нээлтийн ажиллагааны үеэр “Хүн ам ихээр суурьшиж, хөл хөдөлгөөн дэндүү ихэссэн энэ хэсгийн дэд бүтцийг шийдэхээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг шат дараалан хэрэгжүүлж байна.
Энэ удаад Сэлбэ дэд төвийг түшиглэн, цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын ажлыг эхлүүлж байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх замаар ажиллана” гэж хэлсэн юм. 
Айлын чөлөөлсөн газруудыг ажиглавал, ойр ойрхон гэрийн буурьтай, өвс ногоо хомсхон нь харагдана.
“Үнэхээр нийслэлийн гэр хорооллын дүр төрх бол халцарч улайсан газарт хуурай шороо эргэж байдаг. Харин “өөрчлөлт, шинэчлэлт ийнхүү дэргэдээс эхэлж өдрөөс өдөрт тэлж байгааг харахад таатай байна” хэмээн иргэд дуу нэгтэй ярьсан юм.
Ирэх жил энэхүү дүүрэгт цоо шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, түүнийг дагасан олон хөгжил дэвшил ирнэ гэдэгт итгэлтэй байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу