НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад арилжааны банкуудаар хийсэн гүйлгээний дансны хуулгаар давхар баталгаажуулах шалгах шаардлага үүссэн бөгөөд үүний тулд нэмэлт хугацаа шаардагдаж байгаатай холбогдуулан Монголбанк болон бусад холбогдох байгууллагаас хянан шалгагч, шинжээч нарыг шинээр томилж ажиллуулах нөхцөл, байдал үүсчээ.

Мөн сансрын зураг авалт, кадастрын зураглал зэргийг харьцуулан үзэхэд хайгуулын талбайд олборлолт хийсэн байх ул мөр гарсан, тухайн газар дээр нь ажиллаж, нотлох баримтыг дахин бүрдүүлэх, шинээр зураг авалт хийх; гэрчээр дуудагдсан төрийн бус байгууллагуудаас нягтлан шалгах шаардлагатай нотолгоо, баримт, тохиолдлуудыг шинээр ирүүлсэн байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дарааллыг сонсгол даргалагч танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Адьшаа санал хэлсэн. Тэрбээр нэр бүхий компанийг сонсголд оролцуулах санал илэрхийлэхэд сонсгол даргалагч Б.Энх-Амгалан гишүүн тус компанитай холбоотой сэдвийг маргаашийн сонсголоор хэлэлцэнэ гэдэг хариулт өгөв.

Монгол Улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэж үзэхэд, “МАК”, “Гацуурт” компаниуд ашигт малтмалын ашиглалтын хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй 25 хувь хүний жагсаалтыг Б.Нямтайшир 41, түүний эхнэр Д.Хулан 40, хүү Н.Номтойбаяр 40, охин Н.Цэлмүүн 40, хүү Н.Мөнгөншагай 40 тусгай зөвшөөрлөөр тэргүүлэв. Тэдний араас Цолмонгийн Аригус 40, Лхагвын Чинбат 22, Гомбосүрэнгийн Цагаанхүүхэн 17, Чимэдийн Энхтайван 16, Гэндэнжавын Эрдэнэцогт 16 гэсэн хүмүүс жагсаж байна.

НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 4.5 ХУВЬД ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

НЭМЭЛТ: 11.50 ЦАГ

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ.

Сонсголын эхэнд Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг хэлэхдээ “Ашигт малтмалын лиценз холбогдох хуулийн дагуу олгогдохдоо геологийн судалгаанд үндэслэх ёстой. Геологийн суурь судалгаа Монголд хийгдэж эхэлснээс хойш нийт нутаг дэвсгэрийн 99 хувийг хамруулжээ. Энэ нь 200 мянган нэгж бүхий масштабтай судалгаа юм. Судалгаа хийгдсэн талбайд лиценз олгох ёстой.

Хүчин төгөлдөр буй хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг авч үзвэл: Дөрвөн судалгаа дөрвүүлээ хийгдсэн талбайд ашиглалтын лиценз 48 хувь, хайгуулын лиценз 54 хувьтай байна. Хайгуулын лицензийн тухайд, 2004 онд хамгийн их олгогджээ. Үүнээс хойш олголт эрх зүйн орчноос шалтгаалж харилцан адилгүй явж ирсэн.

2024.04.30-ны байдлаар авч үзвэл, нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд буюу 2767 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнийг задалбал, хайгуул нь 3.3 хувь, ашиглалт нь 1.2 хувь байна.

Талбайн хэмжээг аймгаар харьцуулж үзвэл, хамгийн их нь Дорноговь, Өмнөговьт олгогдсон. Өмнөговь аймгийн газар нутгийн 5.3 хувьд лиценз олгосон бол Дорноговийн газар нутгийн 9.1 хувь лицензтэй байна” гэв.

АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗИЙН СОНСГОЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэлнэ.

Өнөөдрийн үдээс өмнөх сонсголоор,

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл;
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал;
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд 32 хүнийг гэрчээр дуудсан байна.

Үдээс хойших сонсголоор,

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал;
  • Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дууджээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу