БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр жилийн өмнө ОХУ-д зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Гэвч тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсныхаа дараа Оросод зэвсэг нийлүүлэхээс татгалзжээ.

Энэ талаар “Washington Post” (WP) сонины Гадаад бодлогын тоймч Дэвид Игнэйтс өнгөрсөн Мягмар гарагт нийтэлсэн нийтлэлдээ Вашингтоны засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн байна.

Тус хэвлэлд мэдээлснээр, Москва цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараа Бээжин Москвад зэвсэг нийлүүлэхэд бэлэн байсан бөгөөд Байден 2022 оны гуравдугаар сард Ши Жиньпинтэй утсаар ярьж, “АНУ хариу арга хэмжээ авна” гэж сануулжээ. Эх сурвалж “Байден утсаар ярьснаас хойш Ши Жиньпин ОХУ-д шууд зэвсэг нийлүүлэхээс татгалзсан” гэж мэдэгдсэн байна.

Игнасесын мэдээлснээр, Хятадын удирдагч ОХУ-д цэргийн ажиллагаа явуулахад далд тусламж үзүүлж байгаад хяналт тавихыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч асан Лю Хэ (2018-2023)-д даалгажээ. Үүний зэрэгцээ Игнасес нийтлэлдээ “Хятад улс Украин болон түүний Европын дэмжигчдэд дайныг энхийн замаар зохицуулах санал илгээсэн” гэж дурдсан байна.

Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнгью өмнө нь ТАСС агентлагт хэлэхдээ, АНУ “Хятад Орост цэргийн дэмжлэг үзүүлж байна” гэсэн ташаа мэдээлэл тарааж байна” гэжээ.

Түүний хэлснээр, Бээжин Украинд “мөргөлдөөнд оролцогчдын алинд ч зэвсэг нийлүүлээгүй” бөгөөд БНХАУ, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа “ямар нэгэн гуравдагч этгээдийн эсрэг чиглээгүй” байна.

Эх сурвалж: TASS, WASHINGTON POST
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу