УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлсэн билээ. Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний асуудлаар өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагаас эхлэн хуралдаж, бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. 

Дэд хорооны шийдвэр 17:40 цагийн үед гарч, үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэхээр хаалттай хуралдаж эхэлсэн. Бүлгийн хуралд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд оролцон хоёр цаг орчим хэлэлцсэний эцэст гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихээр шийдвэрлэжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-оос ирсэн саналыг хэлэлцлээ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дараа нь гишүүд асуулт асууж, тодорхой мэдээлэл авлаа.

Бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжихээр болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих шийдвэрийг МАН-ын бүлэг гаргалаа.

Бүлгийн хуралд 61 гишүүнээс 46 нь оролцсон. Оролцсон гишүүдийн дийлэнх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжлээ” гэлээ. 

Одоо эл асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн дотор хуралдаж, хэлэлцэнэ. Улмаар байнгын хороодын саналыг үндэслэн маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж, эцэслэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу