Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өчигдөр (2024.05.28) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд, 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Г.Дугаржавыг төмрийн хүдрийн агууламжийг гааль дээр худал мэдүүлж, ашиг олох замаар улсад их хэмжээний хохирол учруулсан, бага агууламжтай төмрийн хүдрийг шууд гэрээгээр өгдөг зэрэг үйлдлүүд нь улсад их хэмжээний хохирол учруулж хууль зөрчсөн хэмээн үзэж 48 цаг саатуулжээ.

Түүнийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй төмрийн баяжмал Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа аж.

Г.Дугаржав өмнө нь Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн захирал Д.Энхжаргалд холбогдох хэргийн хүрээнд Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч, шүүхэд иргэний хариуцагчаар дуудагдсан байна.

Аудитын байгууллага “Г.Дугаржав ШУТС-гийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгож, тус сангаас тодорхой төслүүдэд хөрөнгө оруулалт олгуулах шийдвэрийг Д.Энхжаргалаар гаргуулсан” хэмээн дүгнэжээ.

Г.Дугаржав эдийн засагч мэргэжилтэй. МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу