CNN агентлаг “Израиль Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах дахь дүрвэгсдийн майхант хуаранд цохилт өгөхдөө АНУ-д үйлдвэрлэсэн сум ашигласан” гэж шинжээчдийн болон эмгэнэлт хэргийн газрын дүрс бичлэгийн дүгнэлтээс иш татан мэдээлжээ.

Палестины Улаан хавирган сар нийгэмлэг өнгөрсөн Ням гаргийн орой Рафах хотын баруун хойд хэсэг дэх дүрвэгсдийн хуаранд Израилийн нисэх хүчин цохилт өгсний улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгдсэн билээ.

Палестины иргэний хамгаалалтын газраас мэдээлснээр, Рафах дахь майхант хуаранд Израилийн зэвсэгт хүчин цохилт өгөх үеэр дор хаяж 40 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.

Израилийн зэвсэгт хүчний Цэргийн прокурорын газраас нүүлгэн шилжүүлсэн хүмүүст зориулсан майхан хотхон байрлаж буй Рафах хотод агаараас цохилт өгсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ үйл явдлыг “эмгэнэлт тохиолдол” гэж нэрлэсэн билээ.

CNN-ийн мэдээлснээр, зэвсгийн дөрвөн мэргэжилтэн цохилтод өртсөн газрын дүрс бичлэгийг үзсэнийхээ дараа АНУ-ын жижиг диаметртэй, GBU-39 бөмбөгний хэсгийг харуулжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Сабрина Сингх өнгөрсөн Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр “Рафах хотод “цохилт өгөхдөө ямар төрлийн сум хэрэглэсэн”-ийг мэдэхгүй байна” гэж мэдээлээд, энэ талаар Израилийн талтай холбогдож мэдээлэл авахыг зөвлөжээ.

Газын зурваст Израиль 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС зэвсэгт бүлэглэлийн пуужингийн цохилтод өртсөн. Үүний дараа тус бүлэглэлийн гишүүд хилийн бүсэд нэвтэрч, цэрэг, энгийн иргэд рүү гал нээж, 200 гаруй хүнийг барьцаалсан билээ. Эрх баригчдын мэдээлснээр, энэхүү дайралтын улмаас нийт 1200 орчим хүн нас баржээ.

Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газын зурваст “Төмөр сэлэм” ажиллагаа явуулж, бүс нутгийг бүрэн бүслэн хааж байгаагаа зарлан, ус, цахилгаан, түлш, хоол хүнс, эмийн хангамжийг зогсоосон. Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, 36 мянга гаруй хүн амиа алдаж, 81 мянга гаруй хүн шархаджээ.

Газын зурвас өдгөө өмнөд болон хойд хэсэгт хуваагдсан. Израилийн цэргийн хүчний хуурай замын цэргүүд тавдугаар сарын 7-ны шөнө Египеттэй хиллэдэг Рафах хотод нэвтэрсэн. Тус хот ХАМАС бүлэглэлийн сүүлчийн түшиц газарт тооцогддог.

Эх сурвалж: CNN, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу