Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголын үдээс хойших хуралдаанаар:

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, гарч буй зөрчил, дутагдлын талаар мэдээлэл сонсож,

-Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дуудаж ирүүлсэн бөгөөд асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авч байна.

“МОГОЙН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН ЗАРИМ ХЭСГИЙГ
‘АСПАЙР МАЙНИНГ’
КОМПАНИ АВСАН”

ШИНЖЭЭЧ: -Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн зарим хэсгийн тусгай зөвшөөрлийг “Аспайр майнинг” гэх компани авсан. Харин одоо тусгай зөвшөөрлийг “Хургатайхайрхан” ХХК эзэмшиж байна.

“НЭЭЛТТЭЙ КОМПАНИЙН ХУВЬЦААГ АВДАГ ШУГАМЫН ДАГУУ
МОНГОЛЫН ЭЗЭМШИЛТЭЙ БОЛГОСОН”

“Хургатай хайрхан” ХХК-ийн эцсийн өмчлөгч, гэрч, УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Өнөөдрийн сонсголд Хянан шалгах түр хорооны дарга, гэрчийн байр сууринаас оролцож байна. Олон ээдрээтэй, хүмүүсийг төөрөлдүүлсэн асуудал явдаг. Олон түмний өмнө тодорхой хариулт өгчих хэрэгтэй.

“Аспайр майнинг” гэх компани 2007 онд хөрөнгийн бирж дээр гарсан. Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа нь худалдаалагддаг. Би тус компанийн хувьцааг 2018-2019 оны арванхоёрдугаар сар хүртэл авсан.

Өнөөдрийн байдлаар миний бие тус компанийн 52.5 хувийг эзэмшиж байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх мэдээлэл ил тод байдаг.

Лицензийг “Хургатайхайрхан” гэх компани эзэмшдэг. Энэ компани тусгай зөвшөөрлөө авах үед би байгаагүй. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. “Аспайр майнинг” компанийн хувьцааг 2018 онд авч эхлэх үед 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчид байсан.

Нээлттэй компанийн хувьцааг авдаг шугамын дагуу өнөөдөр Монголын эзэмшилтэй болгосон. Би нэг талдаа эх оронч сэтгэл гаргаж, энэ компанийн хувьцааг худалдаж авсан. Өнөөдөр энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу