Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр (2024.05.29) хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаа 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.

Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажилласан.

2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа юм байна.

Хуульч мэргэжлээр 17 жил ажилласан нэр дэвшигч Р.Батрагчаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Р.Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар захирамжаараа Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Болдбаатар 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.

Нэр дэвшигч Б.Болдбаатар 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар ажиллажээ.

2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж буй.

Хуульч мэргэжлээр 19 жил ажилласан нэр дэвшигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас хариулт авав.

Байнгын хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Б.Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 8 буюу 72.7 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу