НҮБ-ын Ерөнхий Ассамблей Пүрэв гарагт тавдугаар сард нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн дурсгалыг хүндэтгэн хуралдах юм байна. АНУ энэхүү хурлыг “бойкотлох”-оор төлөвлөж байгаа талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Reuters” агентлаг уламжилжээ.

Нийт 193 гишүүнтэй НҮБ төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дэлийн удирдагчдын дурсгалыг хүндэтгэх зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай аж.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Раисигийн тухай илтгэл тавигдах юм байна.

АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүн “Бид энэ арга хэмжээнд оролцохгүй” гэж хэлсэн байна. Тэрбээр “НҮБ иранчуудыг олон арван жил дарангуйлж байсан хүний ​​дурсгалыг хүндэтгэх биш, харин Ираны ард түмнийг дэмжих ёстой” гэж үзэж байгаа аж.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы дарга Деннис Фрэнсис (Тринидад ба Тобаго)-ийн мэдээлснээр, дурсгалын арга хэмжээ тавдугаар сарын 30-ны 10:00 цагт болох юм байна.

Нью-Йорк дахь НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газар энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн залгамжлагч хэмээн үзэж байсан Раиси тавдугаар сарын 19-нд Азербайжаны хилийн ойролцоох ууланд цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас нисдэг тэрэг нь осолдож, амиа алдсан билээ.

АНУ-ын албаны хүн “Раиси 1988 онд улс төрийн олон мянган хоригдлыг шүүхээс гадуур хөнөөсөн зэрэг хүний ​​эрхийг олонтаа зөрчсөн аймшигт хэрэгт холбогдсон” гэж хэлжээ. Тэрбээр “Раисиг өндөр албан тушаал хаших хугацаанд ялангуяа Ираны эмэгтэйчүүд, охидын эсрэг хүний ​​эрхийн хамгийн ноцтой зөрчлүүд үйлдэгдсэн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу