УИХ-ын хаврын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Бүсчилсэн хөгжил яах вэ. Бизнесийг дарамтлахаа зогсоо. Сүүлийн үед хууль гаргаж, хувийн бизнесийг дарамталдаг явдал хэрээс хэтэрч байна. Жишээ нь, З.Энхболдод дургүй байж болно. “Страто”-г шоглохын тулд давхар АМНАТ-ын хууль батлаад, 50 гаруй тэрбум төгрөг төлдөг 50 ААН-ийг дампуурууллаа.

Н.Номтойбаярт дургүй байж болно. Баялгийн сангийн хууль гаргаад дурын ордыг стратегийн орд гээд улсад хурааж авах боломж нээж байна. Үүнээс болж хайгуулын ажил бүрэн зогсоно.

“Алтан тариа”-н П.Цэнгүүнд дургүй байж болно. Гурилын импортын татварыг тэглээд газар тариалангийнхаа салбарыг дампууруулж байна.

МАК-д дургүй байж болно. Цементийн импортын татварыг тэглээд үндэсний үйлдвэрүүдээ эрсдэлд оруулж эхэллээ.

Яам болгоноос хүн очиж, хувийн хэвшлийг үйл ажиллагааг шалгах ажил хэрээс хэтэрсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байхад л хилийн хориг тавьж байна. Татвар, хуулийн байгууллагынхан аж ахуй нэгжүүдийг дарамталдаг, хорьдог энэ асуудал хэтэрлээ. Одоо бүр хүссэн хүнээ хорьдог боллоо. Ц.Гарамжав гуайг хорьчихсон байна. Түүнийг ямар шалтгаанаар хорьсныг нь гадарлаж байна. Тэр хүнийг заавал хорих шаардлагагүй, гадуур шалгах бүрэн боломжтой. Коммунизм тогтоох гээд байгаа юм уу. 

Гэтэл МҮХАҮТ-ын дарга бизнесийнхнийг нь дарамталдаг намын жагсаалтад ороод нуугдчихсан. О.Амартүвшин гэж манай намыг дэмждэг залуу МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа хэзээ ч түүнийгээ ашиглаж УИХ-д нэр дэвшээгүй. Ёс зүйн ямар их зөрүү байгаа нь эндээс харагдана” гэж хэлээд түүний үг хэлэх цаг дуусав.

Үргэлжлүүлэн тэрбээр нэг минут сунгаад “Бүсчилсэн хөгжил, бүсчилсэн тойрог гэдэг бол сонгуульд ялах МАН-ын тактик. Өнөөдрийг хүртэл хөдөөгөөр явж байгаа МАН-ын гишүүд бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө огт ярихгүй байгаа. Тэд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж хаа сайгүй ярьж яваа. Энэ бол сонгуульд зориулсан жүжиг гэж ойлгоорой” гэлээ.


“ОГТ ХЭРЭГГҮЙ ТӨМӨР ЗАМ БАРЬЖ, МӨНГӨ ХУЛГАЙЛЧИХААД, УИХ-Д НЭР ДЭВШИЖ БУЙ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ ХҮНТЭЙ БАЙВАЛ ЭНЭ УЛС ХӨГЖИХГҮЙ ШҮҮ”

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг жүжиг гэж ярьж байна. Сонгууль дөхчихсөнийг ойлгож байна. Хүнээрээ байж байгаад сонгуулийн ард гарчих юмсан. Б.Пүрэвдорж оо, та ингэж попроод яах вэ. Та зөвхөн Ховд аймгаас сонгогдохгүй шүү. Говь-Алтай, Завхан, Увс аймгаас сонгогдоно шүү.

Бусад аймаг хамаагүй гэж ярьж болохгүй шүү. Улс орныг хөгжүүлэхийн тулд яавал богино хугацаанд санхүүгийн эх үүсвэрээ оновчтой хуваарилж хөгжих вэ л гэдэг асуудал ярьж байгаа. Та энэ бодлогыг эсэргүүцэж байгаа юм байна л даа. Ингэж болохгүй шүү.

Монголчууд хуваагдаж жижгэрч үзсэн, хөгжөөгүй. Монголчууд тулгамдаж байгаа асуудлаа нэгдэж нийлж байгаад шийдье гэдэг бодлогын асуудал оруулж ирж байхад жүжиг гэж хэлж болохгүй. Монгол Улс нэгдэж томорч байж хөгжинө. Нэг нэгнээ барьж идэж, нэгнээ гүтгэж доромжилж, элдэв бусаар хэллээ гээд хөгжихгүй.

Монгол Улсад огт хэрэггүй, тэс хөндлөн төмөр зам барьж, мөнгө хулгайлчихаад, УИХ-д нэр дэвшээд явж байгаа экс Ерөнхийлөгчтэй байж Монгол Улс хөгжихгүй.

Монгол Улс бодлогоо хийхийн тулд олуулаа нийлж хийе гэхээр эсэргүүцдэг байж таарахгүй. Алийн болгон хувийн хэвшлийнхнээ дарамталж явах юм бэ. Хувийн хэвшлийнхэнтэй холбоотой хэлсэн үгийг чинь дэмжиж байна. Чин сэтгэлээсээ хэлсэн байгаасай гэж хүсэж байна.

Сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Тэрэнд нийцүүлж, хамтрах зүйлээ үгүйсгэж яримааргүй байна” гэв.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР О.МАШБАТЫГ ТОМИЛЛОО

НЭМЭЛТ: 12:40 ЦАГ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн, Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууслаа. О.Машбатын Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн 65.8 хувь нь дэмжсэн тул О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо.

Ц.ЦОЛМОН, Б.БОЛДБААТАР, Р.БАТРАГЧАА НАРЫГ ҮХЦ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 

НЭМЭЛТ: 12.30 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэв. Улмаар нэр дэвшигч Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор орны гишүүнийг томилдог. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон онол практикийн болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг үндэслэн Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгожээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн, Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн билээ.

Цэцийн шинэ гишүүдийн танилцуулга 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.БАТРАГЧАА

1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.

Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажилласан.

2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 17 жил ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.БОЛДБААТАР

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.

Нэр дэвшигч Б.Болдбаатар 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар ажиллажээ.

2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж буй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ц.ЦОЛМОН

1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.

Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.

Ц.Цолмон Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрч, төрийн ажлын туршлагатай, онол, практикийн мэдлэг ур чадвартай хуульч юм байна.


ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Пүрэв гараг (2024.05.30)-ийн ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон, мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2024.05.29)-ийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүд дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн билээ.

МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг билээ. Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, 

· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт

·Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

· Бусад

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу