Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2024.05.30) Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, хохирогч нарын өмгөөлөгч 7, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 19 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байгаа талаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.

Сануулахад, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс Мөрөн” ХХК иргэдээс 300 орчим тэрбум төгрөг татаж, өнгөрсөн хавар дампуурснаа мэдээлсэн. Тус аймгийн иргэд өнөөдрийг хүртэл оруулсан мөнгө авч чадаагүй хохироод байгаа юм.

Нийт 2500 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум төгрөгөөр хохирсон гэсэн тооцоо гарчээ.

Хохирогчид хохирлоо барагдуулж өгөхийг хүсэж олон удаа хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийж байв. Хохирогчдын нэг хэлэхдээ “Манай аймаг сүйрч байна. Мөнгөө алдсан иргэд орон гэргүй болж, аймгийн төвд майхантай амьдарч байна. Би хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан.

Миний хань бие муутай хүн. Бид хоёр тэтгэврийн зээл авч, нийт 10 сая төгрөг хийсэн. Хоногийн хоолгүй, хүүхдүүдээ “зулгааж” байна. Хавар хүмүүс их мөнгө хийх үеэр дагаад мөнгө хийчихсэн. Аймгийн албан тушгаалтнууд шалгалт хийгээд, асуудал байхгүй гэсэн учраас мөнгөө хийсэн” гэж ярьж байв.

Мөн нэгэн хохирогч “Би дөрөвдүгээр сард 50 сая төгрөг хийсэн. Хамаатан садны хийсэн мөнгөтэй нийлээд 150 сая орчим болсон. Мөнгөө хийгээд хоёр, гурав хонотол дампуурсан гэсэн. Хашаа байшин, хүүхдийн хадгаламж гээд байгаа бүхнээ өгсөн. Хэзээ мөдгүй гэр орон, хашаа байшингаа хураалгахдаа тулсан. Манай хамаатнууд ч ялгаагүй” гэж мэдээлсэн юм.

Бас нэг хохирогч иргэн “Би зүрхний хагалгаанд орох байсан ч мөнгөө өгчихсөн. Тухайн компанид гуравдугаар сард шалгалт хийгээд, хэвийн ажиллаж байгаа гэхээр нь мөнгөө өгтөл дөрөвдүгээр сард дампуурсан. Би ах, дүү нарынхаа мөнгөтэй нийлээд 500 гаруй сая төгрөг хийсэн” хэмээн ярьж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу