НЭМЭЛТ: 16.10 ЦАГ

Сонсголоор ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ашиглалтын зөвшөөрлийг зэрэгцүүлсэн аймгуудыг танилцуулав. Тодруулбал, Баянхонгорт 6, Говь-Алтай аймагт 5, Дархан-Уул аймагт 1, Өмнөговьд 6, Дундговь аймагт 31, Сэлэнгэд 10, Төв аймагт 9, Ховдод 1, Хэнтийд 6 зөвшөөрөл тус тус олгожээ.

Байрзүйн хил заагаас гадна геологийн хил заагаар энэхүү зэрэгцүүлэн олголт нь өөр ашиг сонирхол байна гэж дүгнэхэд хүргэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Энх-Амгалан “Дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлийн давхцалтай байна гээд байхад зэс, хайлуур жонш, алт, бал чулуу илэрсэн газар дээр элс, хайрга, дайрганы зөвшөөрөл олгож байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуув.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал түүний асуултад хариулахдаа “Орон нутгаас санал авдаггүй гэсэн асуудал байхгүй. Сонгон шалгаруулалтын талбайг зарлахдаа Засгийн газрын хуралдаанаар оруулж баталдаг. Ингэхийн тулд бүх холбогдох яамд, аймгдаас санал авсан байх ёстой. Тэгж байж талбайг баталж, сонгон шалгаруулалт зарладаг.

Өнгөрсөн 2018 онд Засгийн газраас баталсан талбайн сонгон шалгаруулалтыг 2022 оноос явуулж байгаа учраас 2020 оноос хойш ажиллаж буй аймгийн Засаг дарга нар мэддэггүй. Надаас зөвшөөрөл авсангүй гэж ярьдаг.

Түгээмэл тархацтай ордын хувьд маш их асуудалтай. 2014 он хүртэл Ашигт малтмалын хуультай хамт явж ирсэн. Тэгээд 2014 онд тусдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаж, улсын нэгдсэн кадастрын бүртгэл алдагдсан.

Аймгийн болон нийслэлийн дарга нар хуулийн дагуу кадастрт бүртгүүлж, нөөцийн тайлангаа жил бүр өгөх ёстой боловч өгдөггүй, дураараа зөвшөөрөл олгодог. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлдээд, Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Энэ хуульд 2014 он хүртэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуультай явж байсан зохицуулалтыг оруулсан.

Шинэчилсэн найруулгаар, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авбал тэр нь ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болно гэсэн цуурхалд автаж, олон хүн гол дагаж авсан тохиолдол бий. Тийм зохицуулалт огт байхгүй” гэлээ.

Мөн тэрбээр “Уул уурхайн салбарын нийт өр 3.3 их наяд төгрөг, үүнээс 1.12 их наяд төгрөг буюу 34 хувийг АМНАТ-ийн нийт өр эзэлж байна. Хамгийн өндөр өртэй компаниудын тоонд “МоЭнКо” ХХК, “Их говь Энержи” ХХК  багтаж байгаа бол “Алтайн хүдэр” ХХК өндөр дүнтэй, удаан хугацааны өртэй байна.

Зөрүүтэй үнээр тайлагнах, төлбөр давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг буруу хэрэглэсэн, хугацаандаа тайлагнахгүй байх зэргээс шалтгаалан өр нэмэгдэж байна.

Мөн хуулиар үүсмэл ордыг тусгай зөвшөөрөлтэйгөөр олборлодог байсныг болиулж, аж ахуйн нэгж хоорондын гэрээгээр зохицуулдаг болсон нь үүсмэл ордын АМНАТ-ийн орлого буурах, цөөн тооны аж ахуйн нэгжид давуу байдал олгосон” гэв.

НОТЛОХ БАРИМТУУДЫГ ШИНЖЛЭН СУДАЛЖ, ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙГ
СОНСОЖ БАЙНА

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ 

Шинжээч нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилтийн талаарх нотлон баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт тайлангаа танилцуулж байна.

Аймгийн Засаг дарга нар түгээмэл тархацтай газарт зөвшөөрөл өгөхдөө Ашигт малтмал, газрын тосны газарт мэдээллээ бүртгүүлэх ёстой. Шинжээч нар судалж үзэхэд, тус Засаг дарга нар мэдээллээ зөрүүтэй илгээж байгаа нь нотлогдсон байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жил олборлосон бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг Засаг даргад хүргүүлж тайлангаа өгөх ёстой. Засаг дарга тус тайланг холбогдох төрийн байгууллагад хүргүүлж улсын нөөцийн баланс гаргах хуулийн зохицуулалттай.

Гэтэл түгээмэл тархацтай холбоотой хууль 10 жил болоход дээрх хууль хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд бүртгэл, тооллого, тайлан баланс огт хийгддэггүй гэж дүгнэжээ.

НИЙТ 114 ГЭРЧИЙГ ДУУДАЖ, ХОЁР БАГЦ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.30) үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэх юм.

Тус сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх асуудалтай холбогдуулан 30 гэрчийг дуудсан байна.

 

Мөн өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагаа, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулж, гэрчүүдээс асуулт асууж хариулт авах бөгөөд энэ сэдвийн хүрээнд 22 гэрчийг дууджээ.

Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар бөгөөд энэ сэдвийн хүрээнд 62 гэрчийг дуудсан байна.

Сонсголын үйл ажиллагаа өнөөдөр өндөрлөнө.

Сонсголд дуудагдсан гишүүдээс нэр бүхий хүмүүс ирээгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Ирж чадахгүй гэрч нь төлөөлөгчөө явуулж байна. Зарим нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байна. Зарим нь сонсголдоо ирээгүй мөртлөө сошиалаар бусдад сургааль айлдаад яваад байх юм.

2014-2017 онд АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа гэж хүн гэрчээр сонсголд оролцоогүй. Энэ хүн сонсголд оролцсон бол олон нийт мэдээлэл авах боломжтой байх ёстой байсан. Гэтэл олон нийтийн сүлжээнд сургааль айлдаад яваад байх юм” гэв.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу