Монголын үндэсний бөхийн холбооны хуваарийн дагуу тавдугаар сарын барилдаан “Бүх цэргийн наадам”-аар өндөрлөнө. Цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” барилдаанд хүчний спорт хороодод харъяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорих юм.

Бүх цэргийн наадамд Батлан хамгаалахын “Алдар” спорт хорооноос 96, ХХЕГ-ын “Хилчин”-ээс 50, ШШГЕГ-ын “Сүлд”-ээс 30, ОБЕГ-ын “Аврагч”-аас 24, ЦЕГ-ын “Хүч”-ээс 24, ТЕГ-ын “Эрч”, ДХИС-ийн “Соёмбо”, Тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргээс тус бүр найман бөх зодоглох ажээ.

Өнгөрсөн жилийн “Бүх цэргийн наадам”-ыг Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх Б.Өлзийсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх Х.Наранбаяр үзүүрлэсэн. 2020 онд гавьяат тамирчин Л.Отгонбаатар, 2021, 2022 оны наадамд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түрүүлж байв.

Анхны барилдаан 1992 онд болоход Улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж байсан түүхтэй. Улсын аварга Ч.Санжаадамба хамгийн олон түрүүлж байсан бол заан М.Лхагвагэрэл, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлсэн байна. Өндөр цолонд хүрсэн бөх нь дархан аварга Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу