Монголын улаан загалмай нийгэмлэгээс зудад өртсөн иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн талаар өнөөдөр (2024.05.30) дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа,    ОУУЗУХСНХ-ны зудын арга хэмжээ хариуцсан зохицуулагч Маниш Тэвани нар оролцсон юм.
Монголын улаан загалмай нийгэмлэг 2023-2024 онд нийт нутгийг хамарсан зудын гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, цасан болон шороон шуурганд өртсөн малчид, иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хариу арга хэмжээ авахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ “Бид хүмүүнлэгийн тусламжинд хамрагдсан сум, малчин өрхийн үндсэн шалгуурыг тавихдаа, 400-гаас доош малтай, олон хүүхэдтэй өрх, жирэмсэн болон хөхүүл ээж, хөржлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, малын хорогдол ихтэй өрх зэрэг шалгуур үзүүлэлтийг голлон анхаарсан” хэмээн онцоллоо.
Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ-ын Засгийн Газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Бадрах Энержи” ХХК, Европын холбоо, Серб Улсын Засгийн газар зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 2023-2024 онд зудын хариу арга хэмжээний хүрээнд зудын гамшигт өртсөн 21 аймгийн 11350 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэст тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц нийт 7,6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд байна.
Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулж, малчдыг хэвийн амьдралдаа шилжихэд туслах, нөхөн сэргээх чиглэлд ажиллахаар төлөвлөжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу