Хойд Солонгос өнгөрсөн Мягмар болон Лхагва гарагт Өмнөд Солонгосын өмнөд хэсэг рүү хог, ялгадас уясан олон зуун том бөмбөлөг илгээжээ. Түүнээс хойш нэг хоногийн дараа буюу Пүрэв гарагт Зүүн тэнгис рүү ойрын тусгалын 10 орчим баллистик пуужин харвасан байна. Энэ талаар “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус хороо мэдэгдэлдээ, Хойд Солонгос Пёньяны Сунан бүсээс өглөөний 6:14 цагт Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан гэж таамаглаж буйгаа дурдсан байна. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Өмнөд Солонгосын тал “Хойд Солонгосын энэ үйлдэл олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчиж, манай хүн ардын аюулгүй байдалд заналхийлж байна. Энэхүү хүнлэг бус, бүдүүлэг үйлдлээ даруй зогсоохыг хатуу анхааруулж байна” гэж мэдэгджээ.

Өмнөдийн идэвхтнүүд Пёньяны дэглэмийн эсрэг суртал нэвтрүүлгийн материал бүхий агаарын бөмбөлгүүдийг БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү үе үе хөөргөдөг. Хариуд нь хойдууд ижил төстэй хариу арга хэмжээ авч буй бололтой.

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлсэн. Тус улсын Агаар-сансрын техникийн ерөнхий газрын дэд тэргүүний мэдээлснээр, хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин хөөргөгчийн нэг дэх шатны хөдөлгүүр агаарт дэлбэрч, оролдлого бүтэлгүйтжээ.

“Маллигён-1-1” хиймэл дагуулыг Сохэ сансрын буудлаас шинэ пуужин тээвэрлэгчийн тусламжтай хөөргөсөн байна. Шинэ төрлийн хөдөлгүүрт шингэн хүчилтөрөгч, керосины холимог түлш ашигладаг аж. Хойд Солонгосын мэргэжилтнүүд оролдлого бүтэлгүйтсэнийг шинэ хөдөлгүүрийн найдваргүй ажиллагаатай холбон тайлбарлажээ.

БНАСАУ 2023 оны арваннэгдүгээр сард анхны тагнуулын “Маллигён-1” хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн. Мөн оны арванхоёрдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2024 онд тус улс гурван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: YONHAP, KCNA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу