Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал өнөөдөр (2024.05.30) эхэллээ.

Хурлыг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ, хүн амын насжилт харьцангуй залуу улс орны хувьд ирээдүй, хойч үеэ хар тамхины хор хөнөөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж буйгаа дурдаад, энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хамтдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг тэмцэх”-ийг уриаллаа.

Б.Энхбаяр сайд хар тамхины эсрэг нэг улс дангаараа тэмцэх биш, нийтээрээ нэгдэж, олон талт мэдээллийг шуурхай солилцож, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг тодотгов.

Хурлын үеэр тус байгууллагын Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Пайтүн Махапаннапорн, Коломбын төлөвлөгөө байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бенжамин П.Рейэс нар нээлтийн үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа.

Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм.

Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хуралд тус байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 52 гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Тус байгууллагын төлөвлөгөө байгууллагын дэгийн дагуу Зөвлөлдөх хорооны хурлыг эх орондоо зохион байгуулж буй Улсад хурал даргалах эрхийг шилжүүлдэг бөгөөд Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал даргалагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа томилогдлоо.

Өнөөдрийн хурлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн тус хурлаар үргэлжлүүлэн Коломбын төлөвлөгөө байгууллагын дүрмийн өөрчлөлт, дотоод асуудлыг хэлэлцэхээс гадна цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүн орнуудын төлөөлөл санал солилцож, жилийн тайлангаа хэлэлцэн баталлаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу