Пёньяны хиймэл дагуул хөөргөсөн пуужин дэлбэрсний дараа Хойд Солонгос Пүрэв гарагт Японы тэнгис рүү ойрын тусгалтай 10 гаруй баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин мэдэгдсэн.

Японы БХЯ-наас мэдээлснээр, Хойд Солонгосоос өглөөний 06.13 цагийн орчимд зүүн хойд зүг рүү харвасан олон тооны баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй аж.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, пуужингуудыг өглөөний 06:14 цагийн орчимд Пёньяны Сунан бүсээс хөөргөсөн бөгөөд далайд унахаасаа өмнө 350 километрийн зайд ниссэн гэж тооцоолжээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Токиод сэтгүүлчидтэй уулзахдаа, түүний засгийн газар Пёньяныг эсэргүүцэж, баллистик пуужин хөөргөхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөнийг буруушааж буйгаа тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Бид АНУ, Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллахын зэрэгцээ мэдээлэл цуглуулж, хяналт, тандалт хийнэ” гэж мэдэгджээ.

БНАСАУ баллистик пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Япон, АНУ, Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнууд утсаар ярьж, Хойд Солонгосыг “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж байна” гэж шүүмжилсэн байна.

Хойд Солонгос Өмнөдийн өмнөд хэсэг рүү хог, ялгадастай уут уясан олон тооны бөмбөлөг хөөргөсний нэг нь Сөүл дэх Японы ЭСЯ-ны барилгын дээвэр дээр унажээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин тавдугаар сарын 28-ны орой БНАСАУ-аас хөөргөсөн агаарын бөмбөлгүүдийг илрүүлж, ууттай хог уясан байсныг тогтоожээ. Нийтдээ 260 орчим бөмбөлөг олдсон байна.

Эх сурвалж: KYODO NEWS, YONHAP, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу