Палестины радикал ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурвас дахь банкуудаас 400 сая гаруй шекел (ойролцоогоор 108.04 сая ам.доллар) хулгайлсан байна. Энэ талаар Израилийн Зэвсэгт хүчний төлөөлөгч Авичай Эдри X (хуучин твиттер) хуудсаар дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр “Бид ХАМАС-ын ахлах албан тушаалтны бичсэн баримт бичгийг нийтэлж байна. Энэ баримтад ХАМАС дайны үеэр санхүүгийн хүндрэлтэй тулгарсны улмаас тус байгууллагын террористууд Газа дахь Палестины банкуудад нэвтэрч, 400 сая гаруй шекел хулгайлсан” гэж бичжээ.

ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хилийн суурингийн оршин суугчдын аминд хүрч, хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 200 гаруй хүн барьцаалсны дараа Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс муудсан.

ХАМАС энэхүү халдлагыг Израилийн Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг явуулж буй үйлдлийн хариу гэж нэрлэж буй. Израиль Газын зурвасыг бүрэн бүслэн хааж байгаагаа зарлаж, тус зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

JNS.org-ийн цахим хуудаст, Францын “Le Monde” сонин өнгөрсөн сард ХАМАС-тай холбоотой байж болзошгүй зэвсэгт бүлэглэлүүд Палестины санхүүгийн тэргүүлэгч байгууллага, банкны салбаруудаас 70 сая ам.доллар дээрэмдсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: TASS, JNS.ORG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу