Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин, гитарчин Жон Ленноны 1960-аад онд эзэмшиж байсан, 12 чавхдастай акустик гитар Лхагва гарагт Нью-Йоркийн “Julien’s Auctions”-ийн дуудлага худалдаагаар 2.86 сая ам.доллараар зарагдсан байна.

Энэхүү дуудлага худалдааг зохион байгуулагчид “Их Британийн рок хамтлаг “The Beatles”-ийн хэрэглэж байсан энэхүү гитарыг худалдсан үнэ “шинэ дээд амжилт” тогтоолоо” гэж мэдэгджээ.

“Julien’s Auctions”-ийн мэдээлснээр, уг гитарыг Леннон, Жорж Харрисон нар “Help!” болон 1965 онд гарсан “Rubber Soul” цомгийн бичлэгтээ ашиглаж байсан аж.

Леннон гитараа Гордон Уоллерт бэлэглэжээ. Уоллер менежертээ дамжуулж, хэдэн арван жилийн турш түүний байшингийн дээврийн хонгилд, “тоосонд дарагдсан байсан” гэж дуудлага худалдааны газраас мэдээлсэн байна.

“Julien’s Auctions”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Гудман “Бид Ленноны алдагдсан гитарыг худалдсандаа, дэлхийн дээд амжилтыг тогтоосондоо туйлын их баяртай байна” гэж хэлжээ.

Ленноны 2015 онд “Битлз” хамтлагийн “I Want to Hold Your Hand”, “All My Loving” зэрэг дууг зохиож, бичиж байхдаа ашиглаж байсан гитар дуудлага худалдаагаар 2.41 сая ам.доллараар зарагдаж байсан аж.

Сонирхуулахад, 1970 онд алдарт “The Beatles” хамтлаг тарсны тараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, бие даасан уран бүтээл хийж явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлэхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрчээ.

Хэсэг хугацааны дараа Леннон дахин уран бүтээл туурвихаар “Double Fantasy” цомог гаргаж, худалдаалснаас хойш нэг сарын дараа буюу 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд “The Beatles” хамтлагийн бишрэн шүтэгч Марк Дэвид Чэпмэн гэгчид буудуулан нас баржээ. Гэвч түүний тус цомог 1981 онд хөгжмийн дээд шагнал болох “Grammy”-гээс “Оны шилдэг цомог”-ийн шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: KYODO NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу