УИХ-ын хаврын чуулганы Баасан гараг (2024.05.31)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр “Маргааш Эх, үрсийн баярын өдөр. Монголын сарангуа ээжүүд, үрсүүддээ баярын мэнд хүргэе.

Ээжүүдийн талаар хэд хэдэн хууль хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс л хааяа нэг гайгүй юм орж ирэх юм. Одонтой ээжийн мөнгийг бага ч гэсэн нэмэх гэж байна. Үүнийг хурдан баталмаар байна.

“Цалинтай ээж” гэж гурван нас хүртэл 50 мянган төгрөг өгдөг. Үүнийг яаж цалин гэх юм бэ. Цалинтай болгочихъё л доо. Авлигын энэ их мөнгө урсаж байхад, уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байгаа энэ үед “Цалинтай ээж”-ийг хэдүүлээ яг цалинтай болгочихмоор байх юм.

Та бүхэн социалист чиг баримжаатай, халамжийг хавтгайруулдаг нам биз дээ. Тиймээс яг хүнээ олоод, хийсэн шиг хийчихмээр байна. Ард түмний амьдралд үлдсэн юм хийчихээч гэж эцсийн чуулганаар хүсэж байна.

Малчдын талаар хуулиуд орж ирж байна. Энэ их хачин юм болж байна. “Шинэ хоршоо” гэж яг Өвөрмонголыг давтаж байна шүү дээ. Малчдыг бэлчээргүй болгох, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн эсрэг үйлдлүүд явж байна. Нэг хүнд 50 сая төгрөг өгнө, нийлээд 500 сая төгрөг авна гэнэ. Тэрүүгээр одоо юу хийх вэ дээ. Үр дүнтэй юм болж чадах уу? Малчид тэрийг ойлгоод эхэлжээ.

Уул уурхайгаас их орлого орж ирж байна. Авлигад урсаж байна. Төрийн оролцоо 40, 50, 60, 70 хувь болчихсон энэ нөхцөлд Монголын ард түмний бараг 50 хувь нь ядуу байна. Хэдхэн хүн л баян байна.

Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа орлогоор зээлийг нэг удаа тэглэчихвэл яасан юм бэ дээ. Та нар тэтгэврийн зээлийг тэглэлээ гээд байсан. Болдог бүтдэг, хууль номдоо нийцдэг бол, та нар угаасаа тийм юм хийдэг, хийчих л дээ. Үнэхээр сэтгэл байвал…

Гуравдугаарт, хувийн хэвшил, баялаг бүтээгчид. Одоо ояа, хуяа нар нийлчихсэн юм шиг байна лээ. Ийм үед Монгол Улсын тусгаар тогтнол ганхаж эхэлдэг. 100 жилийн өмнө ямар байсан билээ” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу