Хятад улс Украины асуудлаарх Швейцарийн бага хуралд оролцохгүйгээ бусад орны Засгийн газруудад мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хятад улс ОХУ-ын төлөөлөл тус бага хуралд оролцохгүйтэй холбоотойгоор ийн татгалзсан байна.

“Bloomberg” агентлаг өмнө нь эх сурвалжийн мэдээллээс иш татан, Бразил, Энэтхэг улсууд Швейцарт болох бага хуралд бага албан тушаалтнуудаа илгээж магадгүй бол Хятад улсын хувьд арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтнууд оролцохоор хязгаарлагдаж магадгүй гэж мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч сонгуулийн кампанит ажилд анхаарлаа хандуулж, уг арга хэмжээнд оролцохгүй байх магадлалтай аж.

Швейцар улс Украины асуудлаарх бага хурлыг зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Люцерн хотын ойролцоо зохион байгуулах бөгөөд 160 орчим улсын төлөөлөгчид уригджээ.

Тус улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Владимир Хохлов өмнө нь “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “Берн дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг Москвад ирүүлээгүй. ОХУ ямар ч тохиолдолд оролцохгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу