Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр (2024.05.30) хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

СЕХ “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу нэр дэвшүүлэхээс татгалзсан байна. Энэ талаар Н.Номтойбаяр өнөөдөр (2024.05.31) хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрбээр “Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготойгоор гарах боллоо. Үүнийг би өөрийн биеэр 2020 оны сонгуулийн үеэр мэдэрч байлаа. Тухайн үед УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан.

Шийдвэр гармагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, гэрчийн мэдүүлэг, тайлбар авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргах зэрэг ноцтой асуудлууд болсон. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байсныг нэр төртэйгөөр дуусгасан.

“Үндэсний эвсэл”-ийн зорилго бол иргэдийн эрхийг хамгаалах, дарамтад ороод буй хувийн хэвшлээ хамгаалах юм. Үүнийг гүйцэлдүүлэхээр 9 дэх удаагийн сонгуульд “Үндэсний эвсэл”-ийн тэрүүний хувиар оролцохоор хуульд заасны дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж ажилласан.

Хуулийн дагуу ЦЕГ-аас лавлагаа хүсэхэд, сонгуулийн хуульд байхгүй зүйл, заалтыг үндэслэж, албан ёсны хариу ирүүлж байсан. Үүнийг нь хэлж, дахин хандахад мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлэх зорилгоор тодорхойгүй хариунууд өгсөөр ирсэн.

Сонгуулийн тухай хуулийн 29.9-д зөвхөн авлига, албан тушаалын хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл хамаардаг болохыг нотлох баримтуудыг хавсаргаж явуулсан.

Өмнөх хариуд эрүүгийн хуулийн 23 буюу “хайнга хандсан” гэдгийг Сонгуулийн тухай хуулийн 29.9-д хамаарах мэтээр учир битүүлэг тайлбар өгөөд байдаг. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй ЦЕГ аоёрхон тоонд будилна гэж байхгүй.

Прокурорын Ерөнхий Газрын хариуд эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд хамаатуулна гэж тодорхой бичих атал “Үндэсний эвсэл”-д өгч буй хариу тодорхойгүй.

Надад байгаа мэдээллээр, үүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтыг тэргүүлж байгаа намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм байна” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу